"Оргил" рашаан сувилал уламжлалт эмчилгээний тасаг нээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Оргил" рашаан сувилал нээлттэй хаалганы өдрөөрөө иргэдийг хүлээн авч, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв.
"Оргил" рашаан сувилалд хэвтэн эмчлүүлэх эрхийн бичиг олдоц муутай байдаг гэсэн буруу ойлголт нийгэмд бий. Үүнд хариулт өгөхөөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулжээ. Мөн ирсэн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ, таргалалт, даралтыг үзэж, үйлчилгээгээ танилцуулав.
Эмч нар сувиллын үйлчилгээ, эмчилгээнийхээ талаар ийнхүү ярьж байна.
-Клиник эмчилгээний тасгийн их эмч Э.Уянга:
-Манай тасагт тархи, нуруу нугас, үе мөч, гэмтлийн хагалгааны дараах хүмүүс ирж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Тэдэнд боолт, физик эмчилгээ, иллэг бариа, хөдөлгөөнт засал хийж байна. Саа, саажилт үүссэн хүмүүст бид хэл засал, тайвшруулах эмчилгээ давхар хийдэг. Манай тасаг 82 хүн хүлээн авах боломжтой. Манайд хэвтэн эмчлүүлэхийг хүсвэл хотын харьяалалтай иргэд хагалгаанд орсон эмнэлгийнхээ тамгатай илгээлт, даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ авчирахад болно. Нэг хоногийн төлбөр 31800 төгрөг байдаг. Эрүүл мэндийн даатгал төлдөг, тэтгэвэрт эсвэл халамжинд байдаг иргэд төлбөрийнхөө талыг халамжаасаа буцаан авах боломжтой.
-Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч Ц.Баяртүшиг:
-Дэлхий даяар эмийн хэрэглээнээс татгалзаж хор нөлөөгүй уламжлалт эмчилгээ сүүлийн үед дэлгэрэх болсон. Тиймээс манай сувилалд энэ жилээс уламжлалт эмчилгээний тасаг шинээр нээсэн. Хүн тан ууж хэрэглээд хордоно гэж байдаггүй. Тан хэрэглэхдээ зааврын дагуу ууж, дараа нь гам сайн баривал үр дүнгээ өгдөг. Манайд хануур төөнүүр, бариа засал, зүү тавих зэрэг эмчилгээг хийж байгаа. Антиобик эмчилгээнд анх хэрэглэж байсан эмнүүд үйлчлэхээ больж илүү хүчтэй эмнүүд гаргах болсон. Эдгээр хүчтэй эм хүний дархлааг устгах, хордуулах аюултай. Манайд антибиотик эмчилгээ хийлгээд хордлогонд орсон хүмүүс их ирдэг.
-Оргил рашаан сувиллын Сувилал, үйлчилгээний тасгийн эрхлэгч Б.Батзориг:
-Манай сувилал рашаанаа шууд ундаргаас нь авч хэрэглэдэг. Манай рашаан нь дотуур хэрэглэх хоол боловсруулах эрхтний хамгийн, хүйтэн, сул эрдэсжилттэй, нүүрс хүчлийн хийтэй учир хоол боловсруулахад тусалдаг. Хүн рашаанд орсноор судас өргөсөж, биеийн цусан хангамж сайжирдаг. Рашаан хэрэглээд хор болно гэж байхгүй. Арьс харшлын өвчтэй хүмүүст зарим эрдэс нь таарахгүй харшлах нь бий.
-Оргил рашаан сувиллын Хоол үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч Н.Эрдэнэцэцэг
-Манайх эмчилгээний болон ердийн гэсэн хоёр төрлийн хоолоор үйлчилдэг.Энгийн хоол 2200-308 ккал, эмчилгээний хоол нь 1800-200 ккал илчлэгтэй. Эмч нар тус өвчтөнд тохирох хоолны заалтыг бичиж бидэнд өгдөг. Тухайн заалтыг хараад бид тохирох хоолыг нь технологийн дагуу бэлтгэдэг. Технологийн дагуу хийсэн хоол шим тэжээл өндөртэй байдаг бол технологи нь алдагдсан хоол хүний зөвхөн гэдэсийг дүүргэж амин дэм өгдөггүй. Жишээлбэл, байцааг таггүй саванд буцалгахад л шим тэжээлийн 90 хувь нь алдагддаг. Тэжээл болохгүй хоолыг буруу дэглэмээр идсэнээр таргалалт үүсдэг. Жингийн илүүдлийг зөв хооллолт болон хөдөлгөөнтэй хослуулан арилгахад нь бид тусалдаг. Мөн бид цэвэр сүү фермээс авч боловсруулан шар сүү, ээдэм, тараг бүрж эмчлүүлэгчддээ өгч байна. . Сувилуулагчдынхаа цөсийг шар сүүгээр үнэ төлбөргүй угааж өгдөг. Шар сүүгээр цөс угаах нь химийн бодистой эмээр угаахаас илүү үр дүнтэй.
М.Аминаа