АН Төсвийн төслийг анх өргөн мэдүүлснээр нь дэмжинэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Мөн бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн байна.
Засгийн газар “Синтерра Гоулд” компанитай Гацууртын ордыг ашиглах гэрээ хэлцлийн талаар тодорхой тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлсэн. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах асуудлыг Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг Засгийн газарт үүрэг болгосон хэмээн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ
Тэрбээр, “АН-ын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тухай хуулиудыг судлах ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсэг өнөөдөр бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн. Ажлын хэсэг төсөвт төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах асуудал маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. Мөн бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлөгдөж байгаа 3000 мянган хүнийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэг санал гаргасан. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн бүтцийн өөрчлөлт 2016 оны наймдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан.
АН-ын бүлэг Засгийн газраас төсвийн хуулиудыг анх өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн ярих болсон. Энэ бол цэвэр улс төрийн суртал, ухуулга” гэв.
Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэлээ
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төсөв хүнд байна, таналт хийх ёстой гэж 3000 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж ярьж байна. Тэгсэн хэрнээ Оюутолгойн гэрээнд зөвөлгөө авахад 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна?
-Оюутолгойн асуудлыг өнөөдрийн бүлгийн хурал дээр ярьсангүй. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд өгсөн нь илүү дээр байх. Ер нь бол гэрээ байгуулсан л бол хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.
-Ерөнхий сайдыг огцруулах бичигт танай намын бүлгийн гишүүд гарын үсэг зурсан уу?
-Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах бичигт 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан байгаа.
-Гацууртын ордын асуудал Их хурлаар хоёр, гурван удаа орж буцаагдсан. Засгийн газраас дахин өргөн барих гэж байгаа юм байна. Үүний ард ашиг сонирхлын зөрчил яваад байгаа юм биш үү?
-Гацууртын орд байнгын хардлага дагуулдаг. Засгийн газар, “Синтерра гоулд” компанитай гэрээ хэлцэлд ороод, тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ