БТС-ын ахмадын байгууллагууд нэгдэж ажиллахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-14 14:14:28

Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын Биеийн тамир спортын салбарын 35-аас дээш насны үе үеийн төлөөлөл болсон тамирчин, дасгалжуулагч, багш, спортын зүтгэлтэн, спорт сонирхогчид хуран цуглаж Чуулга-уулзалт зохион байгууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын зөвлөмж, чиглэлийн дагуу биеийн тамир спортын ижил зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо, Монголын биеийн тамир спортын ахмадын хороо, Биеийн тамир спортын упирдлагын сан ТББ-ууд нэгдэж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо /ММБТСХ/ болон өргөжүүлэн ажиллахаар тус чуулганыг зохион байгуулж байгаа юм. Тус чуулга-уулзалтад тус салбарын 40-өөд байгууллагын 300 гаруй зочид төлөөлөгчид иржээ.

Өмнө нь БТС-ын ахмадын хорооны даргаар гавьяат багш Ц. Даржаа, Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооны даргаар гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар нар тус тус ажиллаж байв.  

Энэ чуулганаар  ММБТСХ-ны Удирдах зөвлөлийг баталж, үйл ажиллагааны зорилго, чиглэл, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг танилцуулан, төлөөлөгчдийн санал зөвлөгөөг сонсон хэлэлцлээ.

ММБТСХ-ны үндсэн зорилго нь Монгол Улсын 35-аас дээш насны нэг сая 40 мянган хүнийг эгнээндээ нэгтгэж, тэдний эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага юм. Мөн энэ хүмүүсийн эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлж, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх, тэдний дунд зохион байгуулдаг тив, дэлхий, олон улс, дөрвөн жил тутамд явагддаг дэлхийн мастеруудын наадам /олимп/ оролцож, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөхөд оршино.

Шинээр байгуулагдсан тус хороо нь нийт гишүүд, дэмжигчдийнхээ дунд “Хүн, хөдөлгөөн, хөгжил” хөтөлбөрийг дэвшүүлэн “Насан туршийн хөгжил” уриан дор биеийн тамир, спортоор идэвхитэй хичээллэх хөдөлгөөн өрнүүлэн нэгдэн ажиллахыг уриалан дуудсан юм.

Энэхүү чуулганд оролцсон төлөөлөгчид эв нэгдлээрээ нэгдсэн удирдлага, бүтэцтэй нэг байгууллага болж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллах болсонд талархалаа илэрхийлж байв.

Дашрамд дуулгахад, монголын мастерууд 2015 онд дэлхий, тив, олон улсын тэмцээнээс  нийт 40 медаль хүртсэн бол 2016 онд нийт 71 /алт 35, мөнгө 19, хүрэл 17/ медаль хүртсэн амжилтаар шинэ оноо угтжээ.  Энэ нь монгол хүн өөрийн бие, сэтгэлээ хөгжүүлэх аваас бусад улс орны хүмүүсээс огт дутахгүй эрүүл чийрэг бие бялдартай гэдгийн бодит нотолгоо нь жил ирэх тусам ийнхүү амжилтаа ахиулж байгаагаас харагдаж байна.

Д.Өлзий

相关新闻