Саппорогийн наадмыг зорих баг тамирчдыг үдэх ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-16 10:39:54

"Саппоро-2017" Азийн өвлийн VIII наадамд оролцох Монголын Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өчигдөр буюу хоёрдугаар сарын15-нд  МҮОХ-ны байранд болов.

Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-өөс дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Азийн тивийн өвлийн спортын наадам хоёрдугаар сарын 19-26-ны өдөр Японы Саппоро, Обихиро хотуудад зохион байгуулна. АӨЗ/ОСА/-ийн гишүүн 32 орны Үндэсний олимпийн хорооны баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорино. Япон улсын Хоккайдо мужийн Саппоро, Обихиро хотноо цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн өвлийн таван спортын 11 төрлөөр 64 цогц медалийн төлөө Ази тивийн тамирчид өрсөлдөнө.

Энэ удаагийн Монголын багийн ахлагчаар /Шеф-де-Миссион/ Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ардын багш Ч.Насантогтох ажиллана. "Саппоро-2017" Азийн өвлийн VIII наадамд манай улс гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн цана, уулын цана, хоккей, биатлоны төрлөөр нийт 42 тамирчин, 28 дасгалжуулагч багш, эмч, албаны хүмүүс оролцох юм.

Монголын баг тамирчдын хувьд Азийн өвлийн спортын наадамд завсаргүй /1986, 1990, 1996, 1999, 2003, 2007, 2011 онд/ найман удаа оролцжээ. Харин манай тамирчдын үзүүлсэн амжилтуудаас дурдвал, цанын буухиагийн эрэгтэйчүүдийн баг тамирчид Азийн өвлийн олимпийн наадмаас 1990 онд анхны хүрэл медалийг хүртэж байсан бол 2007 онд уулын цана, чөлөөт гулгалт/freestyle/ төрлөөр хүрэл медалийн эзнээр Ү.Марал тодорсон юм. Харин 2011 оны өвлийн наадмаар бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанатай зүг чиг олох уралдаан /ski orienteering/-д 4 хүрэл медаль хүртэж байв.

"Саппоро-2017" Азийн өвлийн VIII наадамд Монгол Улсын багийн тугчаар биатлоны тамирчин Э.Баатархүүг сонгосон байна.

Д.Өлзий

相关新闻