Монголд эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарыг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБХБЯ, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай барилгын эрчим хүч хангамж, тус салбарын эдийн засгийн үр ашигтай байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.
Санамж бичигт БХБ-ыйн дэд сайд Ш.Лхамсүрэн, ОУСК-ийн Монгол, Солонгос, Хятад улсыг хариуцсан менежер Саймон Эндрью нар гарын үсэг зурлаа. Талууд барилгын чанар, аюулгүй ажиллагааг сайжруулах, өртөг зардлыг хэмнэх, шинээр баригдах барилгыг “Ногоон барилга” шаардлагад нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. “Ногоон барилга” гэдэг нь дулаан алдагдалгүй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи нэвтрүүлсэн,ногоон байгууламж бүхий байх юм. “Ногоон барилга”-ыг эхлүүлснээр орон сууцны ашиглалтын сарын зардал буурах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн онцлов.
ОУСК-ийн орон хариуцсан менежер Саймон Эндрью “Манай байгууллага “Ногоон барилга” барих чиглэлд ихээхэн туршалаг хуримтлуулсан. Энэхүү туршлагадаа тулгуурлан Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарыг хөгжүүлэх эхлэлийг тавих болно” гэлээ.
Ч.Ариунболд