Шүүхийн шийдвэрийг үгүйсгэж буй төрийн өндөрлөгүүдэд хариуцлага тооцох ёстой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Шүүх засаглалын эрх мэдлийг төр үгүйсгэсэн үйлдэл гаргаж байна хэмээн Нээлттэй Ардчилсан- Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Нээлттэй Ардчилсан-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Ган-Очир ярихдаа, “Сүүлийн нэг сард хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглал, ТББ-аас гурван удаа шүүхийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргалаа. 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ хууль тогтоох үндсэн чиг үүргээсээ гажиж төрд хүчээр буцаан авах шийдвэр гаргасан. Ийнхүү шүүхийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Үндсэн хуулийн үзэл санааг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. Үүний дараа 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд эрх мэдлээ ашиглан шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, иргэдийн сонголтыг үл харгалзан Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон. Мөн 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Дүнжингарав хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон шүүхийн шийдвэрийг Монголын морин уяачдын холбоо үл хэрэгслээ. Тус ТББ-ын тэргүүн нь УИХ-ын дарга М.Энхболд юм. Удирдах зөвлөлд нь төрийн сайд дарга нар багтдаг. Тиймээс манай хөдөлгөөнөөс УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын хүмүүсийг хариуцлага хүлээхийг шаардаж байна” гэв.
Мөн тус хөдөлгөөний зохицуулагч Ж.Амарсанаа, “Баянзүрх дүүргийн Засаг даргын ажлыг булаан авахад 200 гаруй цагдаа иргэдийн эсрэг хүч хэрэглэн, гэмтээж хүний эрхийг зөрчлөө. Баянзүрх дүүргийн ИТХ-ын 41 суудлаас Ардчилсан нам 22 суудлыг нь авсан. Харин зургаан гишүүнийг СЕХ-оос хассан үйлдлийг гурван шатны шүүхээр хууль зөрчсөн хэмээн тогтоогоод байхад балмад үйлдэл гаргаж буйг эсэргэцүүж байна” хэмээн ярив.
М.Аминаа