Улсын Гуравдугаар төв эмнэлэг 100 гаруй хүнд үнэгүй үзлэг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Эл өдрийг энэ жил “Бөөрний өвчлөл болон таргaлалт: Эрүүл амьдралын хэв маяг эрүүл бөөр” уриан тэмдэглэж байна.
Энэ өдөр П.Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Геомидиализ эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар нийт 90 орчим иргэнд амбулаторийн үзлэг, 60 гаруй эмнэлгийн ажилчин, 40 орчим эмчлүүлэгч, тэдний ар гэрийнхэнд бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөн, үзлэг хийлээ.
Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бөөрний өвчлөл сүүлийн 10 жилийн байдлаар хүн амын өвчлөлийн гуравдугаарт жагсах болжээ.
Тус тасгийн эрхлэгч, их эмч Д.Мөнхзул хэлэхдээ, “Монгол Улсад бөөрний архаг өвчнөөр жилд 150 орчим хүн оношлогддог гэсэн статистик тоо бий. Иргэд амьдралын зөв хэвшил, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, архаг хууч өвчнийг эмчлэх, хянуулах талаар урьдчилан сэргийлэх үзлэгт жилд тогтмол 1-2 удаа харьяаллын эмнэлэгт үзүүлж хэвшвэл бөөрний архаг дутагдал болон бөөрний өвчнөөс сэргийлэх боломжтой. Чихрийн шижин, даралт ихсэх, бөөрний эмгэг өвчин зэрэг нь бөөрний архаг дутагдалд хүргэхэд тэргүүлэх байр эзэлж байна. Тиймээс иргэд цусны даралтаа тогтмол хянуулахаас гадна эмчийн зөвлөгөөний дагуу эмийг зохистой хэрэглэж хэвших хэрэгтэй” хэмээн зөвлөв.
Ж.Болор