Мобайл технологийг нэвтрүүлэх төсөл үр дүнтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-03-10 18:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мобайл технологийг нэвтрүүлэх төслийн хүрээнд 13 мянга гаруй хүн халдварт бус өвчний эрт илрүүлэг болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагджээ.

Мөн явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж ийг нийлүүлсэн байна. Тухайлбал, зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет зэргийг нийлүүлсэний зэрэгцээ эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх олон сургалт зохион байгуулж,чадавхижуулаад байгаа юм.

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт өнөөдөр ЭМЯ Хурлын танхимд болов. Уг төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой.

Энэ уулзалтаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хамтран ажилласан ОУБ-ууд, орон нутгийн ЗДТГ, ТББ-уудад хандан “Та бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" хэмээн талархалаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, "Монгол улсын газар нутгийн байдалд тохирсон, алслагдсан хүн амд хүрсэн, нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх мобайл технологи нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлдгийг хийж хэвшихэд суурийг нь тавьж өглөө. Мобайл технологийн төслийг СХД-ийн ЗДТГ, алслагдсан 7 ба 26 дугаар хороо, Өмнөговь аймгийн Гурвантэс, Номгон, Манлай сумдад амжилттай хэрэгжүүлсэн. Цаашдаа Архангай аймгийн Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Богд, Увс аймгийн Зүүнхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЭМТ болон нийслэлийн СБД-ийн Гэрэлт Манал, ЧД-ийн Угтах-Ирээдүй ӨЭМТ-д хэрэгжүүлнэ. Энэ бол төсөл үр дүнгээ өгч, хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Бид эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлөвийг тусгасан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан батлуулсан. Энэ нь “Мянганы хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д хүрэх үндсэн баримт бичиг болж байгаа. Уг баримт бичгийг хэрэгжүүлэхэд мобайл технологийн төсөл чухал ач холбогдолтой" гэдгийг онцлож байв.

Д.Өлзий

相关新闻