Гэрэл зурагчин Б.Чадраабал “Энгийн шийдэл-эрүүл орчин” цуврал бүтээлээр тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд ЭМЯ, НЭМҮТ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт эхэллээ.
Тус уулзалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес тэргүүтэй төлөөлөгчид оролцож шагнал гардуулах ёслолоор уулзалт эхэлсэн юм.
Тухайлбал, “Шилдэг эрүүл мэндийн байгууламж” болзолт уралдаанд шалгарсан есөн эрүүл мэндийн байгууллагыг тодруулахад Улсын нэгдүгээр төв эмнэлэг тэргүүлж, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгүүд удаалсан юм.
Мөн “Ариун цэврийн байгууламжийн шийдэл, эрүүл орчин” сэдэвт гэрэл зургийн уралдааныг шалгаруулахад МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Д.Чадраабал “Энгийн шийдэл-эрүүл орчин” цуврал гэрэл зургаараа тэргүүн байр эзэлж, 1 сая 500 мянган төгрөгийн Сanon гэрэл зургийн аппаратаар шагнуулсан бол дэд байрт Гамма агентлагийн зурагчин Д.Давааням “Боловсон наадацгаая” гэрэл зургаараа 1 сая төгрөгийн шагнал / Сanon дуран, цүнх /, гуравдугаар байрт Дурсамж холбооны зурагчин Т.Мөнхбадрах “Хэвшмэл хандлагаа өөрчилж жорлонгоороо гангарцгаая” зургаараа 500 мянган /камерын хөл, цүнх/ төгрөгийн шагнал тус тус хүртлээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтаар хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар харилцан туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаар тулгамдсан асуудал, хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн дөрвөн чиглэлээр нийт 16 илтгэл тавигдана. Улмаар илтгэлүүдийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлж тодорхой зөвлөмж гаргаж, гарц шийдлүүдийг эрэлхийлэх юм.
Зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, БОАЖЯ, БСШУСЯ, Сангийн яам, БХБЯ, НЗДТГ, Барилгын хөгжлийн төв, 21 аймгийн ЭМГ, АНУ, Их Британи, Швед, БНХАУ, Герман улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ, Дэлхийн банк, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, “Дэлхийн зөн Монгол” ОУБ, МУЗН, төрийн болон ТББ-ын 170 гаруй төлөөлөгч оролцож байна.
Дашрамд сонирхуулахад, 2015 оны байдлаар Монгол Улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд нийслэлд 1,4 сая хүн оршин сууж байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97,3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлонг ашигладаг.
Д.Өлзий