БНКУ-тай хачгийн эсрэг вакциныг мал, амьтанд турших судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел болон тус төвийн гүйцэтгэх менежер, биотехнологийн төслийн шинжээч нар өчигдөр ЭМЯ-ны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүнийг танилцуулан санал солилцов.
Уулзалтын үр дүнд Монгол оронд хачгийн эсрэг вакциныг мал, амьтанд турших судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, Бүгд Найрамдах Куба Улсын “Педр Коури” үндэсний хүрээлэн /зоонозын гаралтай өвчин судалдаг/-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар харилцан тохиролцлоо.
Тус уулзалтад Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дельгадо Консепсион оролцож дээрх судалгааны ажлыг хэрэгжүүлэх төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Ж.Болор