“Унаганууд” футзалын “Пепси” лиг-д 4 дэх удаагаа тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-20 10:39:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Футзалын “Пепси” дээд лигийн аваргын цомыг “Унаганууд” клуб хүртсэнээр дөрвөн жил дараалан аварга болсон хосгүй амжилтын эзэд болов.

Монголын хөлбөмбөгийн холбоо, "Пепси" брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээний аваргын төлөөх тоглолт өнгөрсөн ням гарагт /2017.03.19/ болов. Футзалын лигээс анх удаа медаль авах болзол хангасан “Дэрэн”-гээс Ц.Төмөр-Очир хоёр дахь минутад зүүн хөлийн хүчтэй цохилт хийж гоолын салхийг хагалсан юм. Харин “Унаганууд”-ын ахлагч П.Алтантулга 6 минут, С.Наранбаатар 15 минут, Э.Пүрэвдорж 17 минутад гоол оруулснаар эхний хагасын тоглолт 3:1-ээр өндөрлөв.

Хоёрдугаар үе эхлээд удалгүй “Унаганууд”-ын нэгдүгээр дөрвөлөөс Э.Ганзориг тооны харьцааг 4:1 болгосон бол залгуулаад Ц.Төмөр-Очир дахин нэг гоол оруулж харьцааг 4:2 болгосон. Цаг дуусах мөчтэй зэрэгцэн “Унаганууд” клубын Орос легионер Рябиванов Алексей хоёр гоол оруулж УБИС-ийн баг 6:2-оор хожиж “Пепси лиг”-т хоёр дахь, МХБХ-ны футзалын лигийн дөрөв дэх түрүүгээ ийнхүү дараалан хүртлээ. “Унаганууд” клуб 2014, 2015, 2016, 2017 онд дараалан түрүүлж, 2015 оны 03 сарын 01-ээс хойших 25 тоглолтод дараалж хожсон шилдэг амжилтын эзэд болов.

“Пепси лиг”-ийн шилдэг хаалгачаар “Унаганууд” клубын хаалгач М.Чанцал шалгарсан бол мэргэн буучийг “Унаганууд” багийн ахлагч П.Алтантулга 29 гоолтойгоор хүртлээ. Харин Лигийн шилдэг тэгш тоглогчоор хүрэл медалийн эзэн “Хоромхон” клубын шилдэг тоглогч А.Улсболд тодорлоо.

Д.Өлзий

相关新闻