Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид баасан гарагт тангараг өргөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар шалгараад байгаа дасгалжуулагчид ирэх баасан гарагт буюу энэ сарын 24-нд тангараг өргөнө.
БСШУС-ын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхээр спортын холбоод шигшээ багт орох тамирчин, дасгалжуулагчдын шалгаруулалтыг зохион байгуулж Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодруулсан.
“Токио-2020” олимпийн цикл /мөчлөг/-д үндэсний шигшээ багийг удирдан ажиллах дасгалжуулагч нарыг танилцуулж байна. Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар О.Балжинням, дасгалжуулагчаар Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа нар ажиллах бол чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр нар шалгарсан юм. Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат нар ажиллана.
Байт харвааны дасгалжуулагчаар Ж.Нарантуяа, хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, таеквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён, пара байт харвааны дасгалжуулагчаар Д.Баатаржав, пара жүдо бөхийн дасгалжуулагчаар Б.Нарантуяа пара пауэрлифтингийн дасгалжуулагчаар Ш.Энхсайхан, пара буудлага спортын дасгалжуулагч В.Ганцоож тус тус томилогдоод байгаа юм.
Д.Өлзий