Сурагчид нөхөн үржихүйн талаарх мэдлэгээ дээшлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн албан бус Насан туршийн боловсролын төв, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага, Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж буй ЕБС-ийн “Эмч бүлгэм”-ийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх өртөөчилсөн сургалт эхэллээ.
Тус сургалтын нээлт өнөөдөр нийслэлийн 18-р сургуульд болов
Өсвөр насныхны нөхөн үржихүйн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, тэднийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөс сургалтыг жил бүр зохион явуулдаг. Энэ удаагийн сургалтад Хан-Уул дүүргийн 13 сургуулийн 130 гаруй сурагч хамарч байна. Ингэснээр сурагчид эрүүл мэндийн зөв дадалд суралцаж улмаар бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө болон найз нөхдөө урьдчилан сэргийлэх юм.
Сурагчид сургалтаас олж авсан мэдээллээ бусаддаа хуваалцан сургуулийн бусад сурагчдад үе тэнгийн багш болон мэдээлэл олгох юм. Сургалт дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
Ж.Болор