Батырбекийн Нуржамила: Наурызын баярын хоол бүрт Казахын ёс заншил агуулагддаг
МОНГОЛЫН МЭДЭЭНаурызын буюу баяр буюу Казахын ард түмний нарны баяр өнөөдөр тохиож байна. Уг өдөр Улаанбаатар хотод гэр бүлээрээ ажиллаж амьдардаг Монголын Муслиман шашны холбооны тэргүүн, Ерөнхий сайдын шашны зөвлөх Батырбекийнд зочилсон билээ. Энэ үеэр түүний охин болох МУ-ын Боксын спортын мастер Нуржамилатай цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн “Менежмент, эдийн засгийн тэнхим”-ийн Нийтийн удирдлагын ангийн оюутан юм.
-Анхны тулаанаа хийх болж боксын ренгинд гарахад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Айх, сандрах зэрэг мэдрэмжийн аль нь давамгайлж байв?
-Таван жилийн өмнө ренгинд анх удаа гарсан. Тэр үед огтхон ч сандраагүй. Өмнө нь бэлтгэл сайн хийсэн болохоор айдас ч төрөөгүй. Ер нь бол их тайван байсан. Багшийнхаа зааснаар сайн тулаан үзүүлэхийг л бодсон доо.
-Их залуудаа маш том амжилтын эзэн болж чаджээ.Ялангуяа жаахан охин өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд шантаршгүй эр зориг гаргасан шиг санагдлаа. Яагаад заавал боксоор хичээллэх болсон юм бэ?
-Анх аав маань намайг боксын зааланд дагуулж очиж билээ. Нөгөөтэйгүүр жижигхэн болохоор хүүхдүүдэд дээрэлхүүлэх явдал их гардаг байсан учраас боксоор хичээллэх бодол төрсөн. Том болох тусмаа энэ спортын үнэ цэнийг ойлгож, улам их дурлах болсон. Хүнд дээрэлхүүлэхгүй байх гэж, хүнийг зодох гэж боксоор хичээллэх нь чухал бус өөрийнхөө дотор нуугдсан хүчийг гаргаж амжилтанд хүрэх, аав ээж, нутаг усныхаа нэрийг дэлхийд таниулах нь чухал гэдгийг ойлгосон.
-Дээрэлхүүлдэг байсан асуудал чинь хүүхдүүдийн үндэсний үзэлтэй холбоотой юу?
-Тийм ээ. Намайг Казах хүн гэдэг утгаар гадуурхах, шоглох явдал их гардаг байсан. Гэхдээ жаахан хүүхдүүд юмны наад цаадахыг ухаардаггүй байсан болохоор тэр биз ээ. Одоо бол миний амжилтыг үнэлдэг, намайг хайрладаг хүмүүс олон болсон.
-Эмэгтэй хүмүүс гоо сайхандаа их анхаарал хандуулдаг. Ер нь эр хүний спортоор өөрийгөө сорих шийдвэр гаргахад хүндрэлтэй байсан уу. Гэрийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?
-Шийдвэр гаргахад хүндрэлтэй байгаагүй. Харин зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөр хэрэгтэй гэдгийг анхнаасаа сайн ухаарсан. Ээж минь анх дургүй байсан. Харин одоо бол манай гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг. Тулалдах бүрт минь тэд зүрх сэтгэлээрээ хамт байдаг.
-Хийж байсан тулаануудаас чинь хамгийн хүнд нь ямар тулаан байв?
-Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх Италийн тамирчинтай хийсэн тулаан. Маш том тэмцээн учир түүнийгээ дагаад надад өндөр хариуцлага ирсэн. Олон хүний итгэл сэтгэлийг өвөрлөж явсан болохоор алдах эрхгүй гэж бодсон ч ялагдчихсан. Гэхдээ тамирчин бүр олон сарын бэлтгэл, хүч хөдөлмөр, хүмүүсийн итгэл найдварыг тээж явдаг. Мэдээж нэг нь ялж, нөгөө нь ялагддаг болохоор нэг их сэтгэлээр унаагүй ээ.
-Ялагдлын дараа яг юу бодогддог вэ?
-Би юун дээр алдав гэж боддог. Дараагийн тулаанд алдаагаа давтахгүйн тулд улам их анхаарч бэлтгэлээ хийдэг. Нэг зуун удаа хийдэг байсан дасгалаа 400 болгож хийх мэтээр дээшлүүлж шат ахихыг л хичээдэг.
-Наурызын баярын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Мэдээж манай Үндэстний хамгийн том баяр. Бас энэ баярын өдрийг маш их хүлээдэг. Энэ өдөр ууж идэж, найрлахаас илүүтэй аав, ээж, ахмад настныхаа сургаалийг сонсох нь чухал. Ширээн дээр тавих идээ будаа бүрийг ээж маань шөнөжин сууж өөрийн гараар хийдэг. Хоол бүр нь Казах түмний ёс заншлыг дотроо агуулсан байдаг болохоор ээжээрээ заалгаж тэр бүхнийг мэдэж сурдаг. Үүгээрээ надад их өгөөжтэй байдаг. Наурызын баяраар шинэ нар гарч, ногоо ургаж бүх зүйл дахин төлжиж эхэлдэг гэж манай ард түмэн үздэг. Монгол оронд минь бас шинэ улирал ирдэг шүү дээ.
-Монголын цэрэг армийн сургуульд сурахад юу нь хамгийн их таалагдаж байна вэ?
-Өглөө болгон сургуульдаа явахаар дүрэмт хувцсаа өмсөх бүртээ би энэ сургуульд сурч байгаагаараа бахархдаг, омогшдог. Монголын зэвсэгт хүчин өнөөдөр маш их хөгжиж байгаа. Хагас цэрэгжилтийн байдалтай болохоор надад ч сайнаар нөлөөлдөг. Учир гүйж, харайх зэрэг биеийн хүчний дасгалууд хийснээр миний спортын амжилтанд ч сайн нөлөө үзүүлдэг. Цаашдаа бүхнийг шинээр хийж байгаа мэт эхлүүлэх болно.
Б.Алтанхуяг