Их аварга Харумафүжи, шинэ аварга Кисэносатог давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-25 13:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёд нэг унаагүй тэргүүлж явсан шинэ Их аварга Кисэносатогийн амжилтыг 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж зогсоож чадлаа.

Осака хотноо маш сонирхолтой үргэлжилж буй энэ башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Их аварга Харумафүжи, Кисэносатог ёритаоши мэхээр давснаар тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орууллаа. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга Какүрюү М.Анандыг давснаар Кисэносатогийн адил 12 даваа, нэг унаатай болж хамтдаа башёг тэргүүлж эхлэв.

Энэ өдрийн барилдаанд манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Такарафүжигээр долоо дахь даваагаа авч 50 хувийн амжилтаа үзүүлэхэд ганц даваа үлдэв. Харин Ичиножёо А.Ичинноров Аравши Э.Дөлгөөнөөр зургаа дахь даваагаа авсан бол найман даваатай Чиёошома Г.Мөнхсайхан Урад уналаа.

Өнөөдөр буюу башёгийн 14 дэх өдрийн барилдаанд олон сонирхолтой барилдаан бий. Кисэносато Какүрюү нар оноолт таарсан бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Котошёогикүтэй барилдана.

Д.Өлзий

相关新闻