Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр “Номоо солилцъё” өдөрлөг Сүхбаатарын талбайд /2017.04.01/ тав дахь удаагаа болов.
Сар бүрийн эхний бямба гаригт зохион байгуулж байхаар уламжлал болгоод буй уг өдөрлөг урин хаврын налгар өдөр өмнөх саруудаас өргөн цар хүрээтэй болж олон хүн цуглажээ. Номонд хайртай, ном солилцох хүсэлтэй хүн бүрт “Номоо солилцъё” өдөрлөг нээлттэй бөгөөд энэ удаа 400 шахам хүн ном солилцохоор иржээ.
Хүүхдийн төв номын сангийнхан өөрсдийн цахим номын сангаа ном сонирхогчдод танилцуулж байв. Гар утсан дээрээ суулган ном унших боломжтой “Номын хүрээ” программыг /application/ ашиглах нэг сарын эрхийг 3000 төгрөгөөр авах боломжтой юм. Уг цахим номын сан 1300 гаруй номтой, бас өдөрт 2-3 ном шинээр нэмэгддэг байна. Номоо утсан дээрээ татаж авсан нөхцөлд интернэтгүй орчинд унших боломжтой. Уг программын жилийн эрх 20 мянган төгрөг. Нэг номын үнээр 1000 гаруй номыг унших боломж олгож байгааг тус номын сангийн ажилтан онцолж байв.
Тав дахь удаагаа зохион байгуулсан уг өдөрлөгийг “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр уламжлал ёсоор дэмжин ажиллаж номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн болон номоор бэлэг барилаа. Мөн “Номтой өглөө” клуб, Адпро ХХК-ууд дэмжин оролцож үйл ажиллагаагаа танилцуулав.
Энэ удаагийн өдөрлөгт 75-р сургуулийн “Positive mind”, “Hello UB” ТББ-ууд, “Дэлбээ” хамтлаг, Скаутын залуучууд хамтран флашмоб бүжиг хийж ирсэн хүмүүсийг баясгав. Дээрх ТББ-ийн гишүүн О.Бат-Ирээдүй “Манай байгууллагаас залуучуудын оролцоотой флашмоб хийж өдөрлөгийн үеэр сонирхуулъя гэсэн санаачлага гаргасан юм. Бид бүх насныхан ном унших боломж байгаа гэсэн санааг флашмобоор илэрхийлсэн. Дараа зохион байгуулах өдөрлөг бүрт оролцоно гэж бид бодож байгаа болохоор өөр гоё сонин санаа олж, юу хийж, үзүүлж болох талаар бид цаашдаа төлөвлөж байна” гэв.
Дараагийн “Номоо солилцъё” өдөрлөг тавдугаар сарын 6-нд зохион байгуулах юм.
Д.Өлзий