Сүхбаатар дүүрэг “Хөдөлгөөнт оффис”-ыг хороо бүрт ажиллуулж эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ.
Тодруулбал тус дүүрэг энэ онд залуусын хөгжил, тэдэнд чиглэсэн арга хэмжээг дэмжиж ажиллах юм байна.
Дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр ярихдаа, “Дүүргийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд хувийн өмчийн 5 цэцэрлэгт зорилтот бүлгийн 118 хүүхдийг хамрууллаа. Мөн 2011 онд төрсөн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тоог хороо тус бүрээр гарган, 143 хүүхдийн мэдээллийн санг бүрдүүлэв. Түүнчлэн нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” ӨЭМТ-үүд автомашинтай болссноор алслагдсан гэр хорооллын 28 мянга иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай авах боломж бүрдсэн” хэмээн онцлов.
Тус дүүрэг “Нэг цонх”-ны үйлчилгээгээр эхний улиралд өдөрт дунджаар 200-250 иргэнд 8 төрлийн 64 үйлчилгээг үзүүлсэн байна. Энэ сарын 20-ноос эхлэн дүүргийн удирдлагууд “Хөдөлгөөнт оффис”-ыг хороо бүрт ажиллуулж эхэлжээ. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойр хүрэхээс гадна аливаа асуудлыг газар дээр нь шийдэх боломжтой гэдгийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа онцлов.