“Тоёота мотор” дөрөв дэх жилдээ Монгол наадмыг ивээн тэтгэж ажиллахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-04-06 16:34:10

Хотын дарга  С.Батболд “Тоёота мотор” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёоши Авайг  хүлээн авч уулзлаа.

Талууд  ерөнхий боловсролын сургуулийн орчмын гарцыг сайжруулах, гэрэлтүүлгийг өөр ялгах гэрлээр хийх,  “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн талаарх сургалт сурталчилгаа  болон Монгол наадмын талаар санал солилцлоо.

 Энэ үеэр Ноён Цүёоши Авай  хэлэхдээ, “2014 оноос хойш Монгол наадмыг ивээн тэтгэж хамтран ажиллаж ирлээ. Энэ удаа дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсч байна. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн”гэв.

Харин Хотын дарга С.Батболд “Үндэсний их баяр Наадмын албан ёсны түншээр хамтран ажилладаг та бүхэнд нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бид  үүнд хамтран ажиллахад татгалзах зүйлгүй. Түүнчлэн Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсан. Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт “Замын хөдөлгөөний дүрэм” орсонтой  холбогдуулан ном, сурах бичиг, сургалтын материал, гарын авлага шинээр боловсруулан гаргаж батлуулах, хэвлүүлэх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулахад та бүхэнтэй хамтран ажиллах саналтай байна” хэмээн онцлов.  

 Б.Заяа

相关新闻