Хөдөлгөөнд саад учруулах хашаа хайсыг буулгаж, зорчих нөхцлийг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбай орчмын 500 метр радиуст буюу Бага тойруу доторх 84.2 га талбайг 11 блок болгон хувааж, судалгаа хийжээ.
Судалгаагаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газрын хайс, хашаа барьж хамгаалснаар зорчих хөдөлгөөний нэвтрэлийг хязгаарлаж, галын болон түргэний машин зорчиход хүндрэл үүсгэжээ. Мөн авто зогсоолууд стандартын шаардлага хангахгүй байгаагаас гадна тэмдэгжүүлэлтгүйгээс болж жолооч нар автомашинаа эмх замбараагүй байрлуулдаг. Энэ нь явган хүний болон авто замын зорчих хөдөлгөөний эрчмийг сааруулах гол шалтгаан болж буй аж. Тиймээс бага тойруу орчмын автомашины ил зогсоолыг стандартын шаардлага хангахуйц тэмдэгжүүлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах судалгааг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав.
Төлөвлөлтөөр 23 хашаа, саадыг буулгаж, гудамж замын хөдөлгөөнийг нээх юм байна. Мөн стандартын дагуу тэмдэглэгээтэй 1191 зогсоол байгуулахаас 72 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зогсоол байхаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолыг 9 байршилд, олон давхар зогсоолыг 6 байршилд хийхээр тусгажээ. Дээрх ажлуудыг хийснээр Багатойруу орчимд авто замын зорчих хөдөлгөөний эрчим 25 орчим хувиар нэмэгдэх, авто зогсоолын стандартыг мөрдөхийн зэрэгцээ түгжрэл буурах, өнгө үзэмж сайжирч, хотын соёл нэмэгдэх үр дүн гарна хэмээн тооцжээ.Түүнчлэн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу гудамж замын хөдөлгөөнд саад учруулах хашаа хайсыг буулгах, шаардлага гарвал газар олголтыг хүчингүй болгох замаар ногоон байгууламж, авто зогсоолын тоог нэмэгдүүлж, аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх юм байна.