Багш нарын 50 гаруй хувь нь дохионы хэлний мэргэжлийн чадварыг дээшлүүлэх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн зарим сурагчдаас багшийн ур чадвар, харилцаа, ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, сургуулийн үйл ажиллагааны талаар БСШУС-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг өнөөдөр олон нийтэд дүгнэлтээ танилцуулав.
Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тус сургуульд хоёр чиглэлийн дагуу ажиллан 10 дүгнэлт гаргажээ. Тухайлбал, сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм, журмыг хууль тогтоомжийн шинэчлэл, багш, сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, их, дээд сургуульд элсэн суралцах бэлтгэл ангийг гаргах, багш нарт дохионы хэлийг сайжруулан сургах, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг хүндэтгэхийг бүх багш, ажилтанд үүрэг болгов.
Мэдээллийн эхэнд БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга М.Мөнхбаатар тус сургуулийн сургалт хөгжлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, багш, сурагчид, эцэг эхийн хооронд үл ойлголцол байхгүй болсныг албан ёсоор мэдэгдлээ.
Энэ үеэр БСШУСЯ-ны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-Хүүхдүүд багш нар дохионы хэлээр заадаггүй, зарим хичээлийг ойлгодоггүй гэсэн шаардлага тавьж байсан. Багш нарт ямар хариуцлага тооцох вэ. Сурагчдын хэлж буй шаардлага хэдий хугацааны дараа биелэх боломжтой вэ?
-Ажлын хэсэг мэргэжлийн дохионы хэлмэрч, хүмүүстэй хамтран тус сургуулийн нийт 51 багшаас сорилын тест шалгалт авахад 94 хувь нь дохионы үсгээр дохиж харилцах чадвартай гэж гарсан. Энэ нь энгийн түвшний дохионы хэлний анхдагч чадвар юм. Харин мэргэжлийн багш нарын хувьд 21 багшаас дохионы хэлний 5 түвшний сорилын тест авахад 44 хувь нь хангалттай гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл багш нарын 50 гаруй хувь нь дохионы хэлний мэргэжлийн чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Үүнийг үндэслэн холбогдох арга хэмжээ авна. МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-тэй хамтран нарийвчилсан сорил, тестийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Хөтөлбөрийн түвшингийн ялгаатай байдлыг тогтоон багш нарын дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх тусгайлсан мэргэжлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Тус сургуулийн багш нар хүүхдүүдээ дарамталдаг, хүчирхийлдэг, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ асуудалд Ажлын хэсэг хэрхэн хандав?
-Сурагчдын шаардлагад багшийн ёс зүйтэй холбоотой асуудал тавьсан. Энэ асуудлаар Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нийт багш нарыг хамруулан нээлттэй санал асуулгад суурилсан нөхцөл байдлыг тодруулах арга хэмжээ авсан. Эхний байдлаар багш нарын мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудал байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан. Бэлгийн дарамттай холбоотой асуудалд тус яам онцгой анхаарал хандуулж байна. Одоогоор хүчирхийллийн шинж тэмдэг нотлогдоогүй. Хүчирхийлэл үүссэн эсэхийг Ажлын хэсэг бус цагдаа хууль хяналтын байгууллага шалгана. Үүнийг үндэслэн бид арга хэмжээ авах болно.
-Бүтэн 12 жил сурчихаад уншиж, бичиж чадахгүй хүүхэд бий. Эдгээр хүүхдийг сурлага муутай гээд орхих нь зөв үү?
-Орхиж болохгүй нь тодорхой. Бид ингэж хандаагүй. Энэ бол 70, 25 дугаар сургууль зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг бусад сургуультай холбоотой асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргээх, засан сайжруулах, нийгэм ахуйн баримжаатай болгоход багш нар түлхүү анхаардаг. Хичээл өчигдөр эхэлсэн учраас бид хүүхдүүдийн санал хүсэлтийг авна.
-Дохионы хэлний багшийн хүрэлцээ ер нь хэр байдаг вэ?
-Энэ онд 33 оюутан тусгай сургуульд ажиллах, согог зүйн чиглэлээр суралцаж байна. Хоёр жилийн өмнөөс мэргэжлийн сургалтад хамруулж, ажиллуулах боломжтой болсон. Одоогоор 70 гаруй багш хамарч байна. Японд 3, Солонгост 2 багш бэлтгэгдэж байна. Энэ хавар төгсч ирнэ.
Ж.Болор