“Багануур”-ын баг “Холбооны цом-2017”-ын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-11 09:34:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Боулинг сонирхогчдын “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээний аваргаар Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХХК-ийн баг тамирчид анх удаа тодорлоо.

Урьдчилсан тоглолтод 16 багаас нэгээр шалгарч, халз тоглолтод ганц ч хожигдолгүй түрүүлсэн юм. Энэ амжилт нь Багануур хотод Усан спорт сургалтын төв, Боулингийн төв шинээр байгуулагдсантай салшгүй холбоотой.

“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “Big Bowling” клубтэй хамтран 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг найм, “Coca Cola Zero-2016” тэмцээний шилдэг найм нийт 16 шилдэг баг оролцсон юм. Мөнгөн медалийн эздээр Г.Магсаржалам ахлагчтай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн баг, Д.Амьбөх ахлагчтай өнгөрсөн жилийн аварга СЭЗИС-ийн баг хүрэл медалийн эздээр тодорсон.

Тэмцээний шилдэг тамирчнаар шинэхэн багийн шинэ тамирчин “V darts” боулинг клубын тамирчин П.Одхүү 245 оноогоор шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнд шинэ баг тамирчид хүчтэй өрсөлдсөн нь нэг онцлог байв. Алтан цомын эзэн “Багануур” ХХК-ийн багтай халз тоглолтонд хамгийн ойрхон очсон буюу ердөө 20-хон онооны зөрүүтэй хожигдсон баг бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг байлаа.

Тус тэмцээнд тасралтгүй оролцсоор ирсэн Их Британийн ЭСЯ-ны баг тамирчдад тэмцээний үеэр Монголын боулинг сонирхогчдын холбооноос талархлын өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулсан. Үе үеийн Элчин сайд нар нь өөрсдөө багаа тэргүүлэн “Холбооны цом”-ын аваргын тэмцээнд оролцдог уламжлал тогтсон юм.

Д.Өлзий

相关新闻