Бүс нутаг тогтоосноор тариалангийн талбайгаа хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-12 14:55:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн 3-р хуралдаанаар Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгох асуудлын талаар хэлэлцээд тогтоолын төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.

Уг тогтоолын төслөө Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн зарим зүйл заалтуудыг үндэслэн боловсруулсан байна. Энэхүү тариалангийн бүс нутгийн заагийг тариалангийн талбайн захаас 500 метр газрыг оруулах хуулийн заалтыг баримтлан тооцсон бөгөөд бүс нутгийн газрын хэмжээ 132 бүлэг талбараас бүрдсэн 717015.24 га байгаа ажээ. Сэлэнгэ аймгийн 2016 оны газрын нэгдсэн тайлангаар 1616.2 мянган га бэлчээрийн талбайгаас 392.2 мянган га талбай нөөцөд шилжиж энэ газарт суурин маллагаатай аж ахуйг эрхлэх, хангалттай хадлангийн нөөц талбайг бүрдүүлэх нөхцөл бүрдэж байгаа тооцоо гарчээ. Аймгийн тариалангийн нийт талбайн  90 гаруй хувь нь элэгдэл эвдрэлд орж шим тэжээлийн бодисын тэнцвэр алдагдан хамгаалах зайлшгүй шаардлага гарч байгаа аж. Иймээс байгаль орчны хамгаалах тухай хуулийн дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тариалангийн талбайгаа хамгаалах эхний алхам нь бүс нутаг тогтоох асуудал ажээ.

Сэлэнгэ аймаг 2016 оны мал тооллогоор нийт малын тоо 1599.5 мянгад хүрсэн нь 1999 оныхоос 2.4 дахин, 2007 оныхоос 1.6 дахин нэмэгдсэн нь харагдаж байгаа юм. 2016 онд 2015 оныхоос адуун сүргийн тоо 13.9 хувиар,  ямааны тоо толгой 10.6 хувь буюу 50.8 мянган толгойгоор өсчээ.  2016 онд гадны 9 аймгаас 26.6 мянган толгой мал шилжин ирж суурьшсан байна. 2016 онд хонин толгойд шилжүүлснээр 3178.2 мянган толгой мал өвөлжиж, бэлчээрийн нормт 100 га талбайд 196 толгой мал ногдож байгаа нь бэлчээрийн даацийн хэтрэлт 2.8 дахин нэмэгдэж энэ байдлаар цаашид үргэлжилбэл 2020 он гэхэд малын 3.6 сая хонин толгойд хүрч сэргээгдэхгүй бэлчээрийн талбайн хэмжээ 200.0 мянган га-гаар нэмэгдэхээр байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарт  9565 өрхийн 35.2 мянган хүн аж амьдралаа залгуулж байгаа нь нийт хүн амыг 30 гаруй хувь юм. Энэхүү малын өсөлтөөс шалтгаалж бэлчээрийн талхагдал эрс нэмэгдэж, арьс шир, ноос ноолуурын үнэ буурах сөрөг үзэгдлүүд ч ихсэх болжээ. Иймээс Сэлэнгэ аймаг мал сүргээ тариаланчдынхаа оролцоотойгоор эрчимжүүлэх бодлого барьж байгаа юм. Аймгийн сумдуудын хувьд тариалангийн бүс нутгаа тогтоогоод байгаа юм.  

  Ч.Отгонцэцэг

 

相关新闻