Агаарын бохирдол ихтэй Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд агаар шүүгч өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-17 15:23:50
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Вагнер Ази компаниас нийслэлийн хамгийн өндөр агаарын бохирдолтой газруудын нэг Баянзүрх дүүргийн гурван цэцэрлэгт энэ сарын 14-нд агаар шүүгч хүлээлгэн өгөв.
 
Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээр ДЭМБ-ын заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын зөвлөмж хэмжээнээс долоо дахин их байна. Агаарын бохирдлоос үүсэх сөрөг нөлөө хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой бөгөөд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатайг өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан тайланд онцолсон билээ.
2015 онд зөвхөн Улаанбаатар хотод 5 хүртэлх насны 435 хүүхэд хатгалгааны улмаас энджээ. Ханиад хүндэрч, хатгалгаа болоход нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол агаарын бохирдол юм.  Цаашлаад ургийн өсөлт зогсох, дутуу төрөх, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэргээр агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлдэг талаар дээрх судалгаанд дурдсан байна. 
 
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлж байгаа энэ үед НҮБ-ын Хүүхдийн сан  агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын шийдвэрт шаардлагатай баримт нотолгоог бий болгоход Засгийн газрыг дэмжин ажиллаж байна.
 
“Цэцэрлэг нь цэвэр агаартай болсноор хүүхдүүд эрүүл саруул өсч, тоглож наадах, сурч боловсрох, ирээдүйдээ хүссэн зүйлдээ хүрэх магадлал нь бага ч болов нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад далайцтай арга хэмжээ авч эхлээд байгаа. Тэгвэл агаарын бохирдлоос хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд бид наад захын чадах зүйлээ хийх хэрэгтэй. Вагнер Ази компанийн энэ санаачилга хүүхдийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулахыг хүсч буй бусад компаниудад үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес онцлов.
 
Ирэх хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сан, Вагнер Ази компани хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Монголын хүүхдийн сайн сайхны төлөө, тэр дундаа агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ж.Болор
相关新闻