Засгийн газар, ЭМЯ маш богино хугацаанд эрч хүчтэй ажиллаж буйд талархав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-04-20 10:24:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Гилеад Саинсис компаниас аль ч улс оронд хийгээгүй байгаа дорвитой ажлуудыг богино хугацаанд эх орондоо хэрэгжүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлжээ.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Гилеад Саинсис компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Ноён Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Сайд А.Цогцэцэг, Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрөө танилцуулаад, Гилеад Саинсис компаниас “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, элэгний С вирүс устгадаг Харвони эмийг нэн хөнгөлттэй үнээр оруулж, монгол хүнийг элэгний хавдраас сэргийлж, улс орны эдийн засаг, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад өндөр хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.

Ноён Бен Камарк, сайдтай уулзах үедээ гепатитын С вирүсийн халдварыг таслан зогсоох чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ маш богино хугацаанд эрч хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаад нь баяр хүргэв. Мөн Архангай аймагт эхлүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж байгаад нь сэтгэл хангалуун байгаагаа, цаашид Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно. С вирүсийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, эмийн хүртээмжийг сайжруулах, шаардлагатай оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд Гилеад Саинсис компани болон энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хамтран ажиллах томоохон Сантай холбож өгөх боломжтой талаар онцлов. Гепатитын вирүсийн халдвартай тэмцэх Засгийн газрын хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж хамтран ажиллана гэв.

Уулзалтын үеэр А.Цогцэцэг сайд, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөртөө эхний ээлжинд 40-65 насны иргэдээ элэгний В,С вирүсийн үзлэг шинжилгээнд хамруулж, улмаар үе шаттайгаар бүх насны иргэдээ оролцуулна гэв. Тэрбээр уг хөтөлбөрийн хүрээнд Гилеад Саинсис компанитай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах хүсэлтэй гэдгээ онцлон хэлж байв.

Д.Өлзий
相关新闻