Монголчууд байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ дээдэлдэг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-04-20 16:05:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2017.04.20/ Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд болж, Монгол орны аймаг бүрээс ирсэн Байгаль хамгаалах нөхөрлөл /БХН/-үүд өөрсдийн хийж бүтээсэн төрөл бүрийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ толилуулсан юм.

Монголчууд байгалийн цэвэр бүтээгдэхүүний ач холбогдлыг өндөр үнэлж, түүнийг “Жинхэнэ ориг” хэмээн хүний эрүүл мэндэд нэн тустай гэдгийг онцолж амьдрал ахуйдаа хэрэглэх хүсэл эрмэлзлэлтэй болсныг өнөөдрийн энэ үзэсгэлэн худалдаанаас илэрхий харагдаж байлаа.


Тус үзэсгэлэн нь маргааш Төрийн ордонд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан ажил гэж болно. Тус чуулганд 21 аймаг, 170 гаруй сумын Засаг дарга, 1690 гаруй нөхөрлөлийн 800 гаруй төлөөлөгч оролцохоор нийслэл хотдоо ирээд байна.
Өнөөдөр улсын хэмжээнд нийт 1629 нөхөрлөл, 1200 гаруй байгаль орчны ТББ, Орчны бүсийн зөвлөл 30, Усны сав газрын захиргаа 21 ажиллаж байна. Үүнээс гадна улсын тусгай хамгаалалттай хоёр газарт болон ан агнуурын 71 бүс нутагт мэргэжлийн ТББ-ууд гэрээгээр менежмент хийж байгаа юм. БОАЖЯ-ны санаачилгаар Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байна. Энэ бүхэн нь хамтын менежментэд гарсан ахиц дэвшил гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байв.


Өнөөдрийн үзэсгэлэн худалдааны нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кэвин Д.Галлархер, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм нар оролцлоо.


Энэ үеэр Д.Оюунхорол сайд “Үзэсгэлэн худалдаанд манай улсын БХН-үүд олон бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Энэ үзэсгэлэн нь тэдэнд өөрсдийн хүнс, бараа бүтээгдэхүүнийг төгс бүтээгдэхүүн болгох туршлага солилцох боломжийг олгож байна. Мөн ойн нөхөрлөлүүдийн менежментийг боловсронгуй болгох талаар харилцан санал солилцох үр дүнтэй уулзалт гэж болно. Нөхөрлөлүүд иргэд гишүүдээ чадавхижуулах сургалт зохион байгуулж, гарын авлага ном гаргаж байна. Энэ чуулганыг хоёр жилдээ амжилттай зохион байгуулж байгаа Ойн нөхөрлөлүүдийн үндэсний холбоонд талархал илэрхийлж байна” гэв. 


Үзэсгэлэнд нийслэлийн дүүргүүд, 21 аймгийн БХН-ийн төлөөлөл оролцож үзэсгэлэн худалдаагаар жимс, ургамал, цэцгээс эхлээд байгалийн гаралтай цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон өөрсдийн урласан олон төрлийн дахин давтагдашгүй гар урлалын бүтээлийг үзэсгэлэн худалдаанд дэлгэн сонирхуулж, худалдан борлуулж байв.

Ойд унасан болон хатсан мод, хожуул, мөчир гишүү, навч боргоцойг ашиглан олон төрлийн бүтээгдэхүүн урлаж, амьдрал ахуйдаа болон бэлэг дурсгалын бүтээл болгон хэрэглэх боломж байдгийг эндээс харагдаж байлаа. Үзэсгэлэн худалдаанаас  олсон орлогыг БХН-үүдийн байгаль хамгаалах үйлсэд зориулах юм.  

Д.Өлзий
相关新闻