В, С вирусын эсрэг эмчилгээний эмийг ЭМД-ын сангаас тодорхой хувиар хөнгөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө энэхүү сургалт болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой. Бид бусад улс орнуудтай харилцан туршлага солилцох нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно. Манай улс энэхүү хөтөлбөрийн хүрээнд хепатит вирусыг бууруулах зорилгоор хэд хэдэн багц ажлыг хийхээр төлөвлөсөн. Ялангуяа элэгний С вирусын халдварын тархалтыг таслан зогсоох, шинэ тохиолдлыг эрс бууруулахад анхаарлаа хандуулж байна. Уг хөтөлбөрийг ирэх сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, ХНХЯ-тай хамтран “Даатгуулагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хамгийн эрсдэл өндөртэй 40-65 насны бүх иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд ЭМД-ын санхүүжилтээр хамруулахаар ажиллаж байна. Мөн вирусын ачаалал тоолох шинжилгээг ЭМД-ын зардлаар хувийн хэвшлийн эмнэлэг, лабораториор хийлгэх сонгон шалгаруулалт зарласан. В, С вирусын эсрэг эмчилгээний эмүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувиар хөнгөлж байгаа гэдгийг онцлов.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Су Нюунт-У хэлэхдээ, "Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ хичээн ажиллаж байгаа нь харагдаж байна. Монгол Улс нь ДЭМБ-ын удирдамжийн дагуу хепатит өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх удирдамжуудыг гарган ажиллаж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ сургалт нь лабораторийн болон тандалтын тогтолцоог хооронд нь уялдуулах, сайжруулахад ач холбогдолтой, цаг үеэ олсон сургалт болж байна" гэв.
Гурван өдөр үргэлжлэх тус сургалтын үр дүнд манай улс ДЭМБ-ын гишүүн орнуудын туршлагаас харилцан суралцаж, хамтран ажиллах боломжтой болох юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ