Хуучин өвс шатаах гээд түймэр тавьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирснээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашаа шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг зогсоосон байна.
Хашааны шар өвсөө шатааж гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, хоёр айлын байшин шатжээ. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хаврын хуурайшилтын үед зуслангийн чиглэлд энэ төрлийн дуудлага буурахгүй байгааг анхааруулав. Иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг ажээ. Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог гэж НОБГ-ын гал түймрийн албаны мэргэжилтэн тайлбарлалаа.
Ж.Батсайхан