Москвагийн түүхэн дэх хамгийн хүйтэн өдөр Ялалтын баяраа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-05-10 17:01:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр буюу 5 дугаар сарын 9-нд ОХУ даяар Аугаа Эх орны дайны 72 дахь жилийн Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод 3 хэмийн дулаан байсан бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн хүйтэн Ялалтын баярын өдөр байв.
 
1988 оны Ялалтын баяраар 6 хэм  дулаан байсан нь өнөөдрийг хүртэл Ялалтын баярыг тэмдэглэн өнгрүүлсэн хамгийн хүйтэн өдөрт тооцогддог байсан юм. Гэвч бороотой хүйтэн өдрийг үл анзааран ОХУ Аугаа их Эх орны дайны ялалтын баярын өдрийг сүр жавхлантай тэмдэглэн өнгрүүлэв.
ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан Талбайд Ялалтын баярын парадад оролцхоор 10 мянган цэргийн албан хаагч, 114 дайны техник, 72 нисдэг тэрэг хуран цугларсан.
 
Гэвч Москва хотод бороотой үүлэрхэг байсан учир Ялалтын баярын агаарын үзүүлбэрийг цуцалсан юм. Агаарын үзүүлбэрт 72 жилийн ойн баярыг төлөөлөн 72 нисдэг тэрэг, онгоц оролцохоор хэдэн сарын турш бэлтгээд байсан нь харамсалтай.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын 72 дахь жилийн парадыг нээж хэлсэн үгэндээ “Европ тивд энх тайвныг бидний өвөг дээдэс авчирсан билээ. Харамсалтай нь тэд бүх хүчээ дайчлан ялалт байгуулчихаад түүнийгээ ч мэдэлгүй биднийг орхин одсон юм” хэмээгээд Эх Орны дайнд үрэгдсэн Оросын 20 сая дайчдад нэг минут дуу хураан хүндэтгэл үзүүлэв.   
 
1945 оны Кенигсергийн байлдаанд оролцож байсан Т-34 танк Ялалтын баярын 72 дахь жилийн ойн парадын дайны техникийн хэсгийн үзүүлбэрийг нээсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байв.
 
Сүр жавхлант баярын парадын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн ордонд Аугаа Эх Орны дайны ахмад дайчид, хүндэт зочдыг хүлээн авсан юм. Москва хотын цагаар 22 цагт тус хотын 16 цэгт 10 минутын турш баярын салют буудсанаар Аугаа Эх орны дайны 72 дахь жилийн Ялалтын баяр өндөрлөлөө. 
Москва хот
Л.Нандинцэцэг
相关新闻