Монгол, Оросын найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулсан гишүүдийг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-05-10 17:04:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монголын анд нөхдийн нийгэмлэгийн шагнал “Орос-Монголын найрамдлыг бэхжүүлсний төлөө” медалийг тус нийгэмлэгийн зарим гишүүдэд гардуулав.

Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Ц.Балхаажав, Дархан хотын 5 дугаар сургуулийн орос хэлний багш Н.Нямдаваа, бизнесмэн Д.Батболд нарыг энэхүү медалиар шагнасныг Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Алексей Донатович Богословский гардуулж өглөө.

Шагнал гардуулах үеэр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном хэлэхдээ, “Би хүүхэд байхаасаа Оросуудыг мэднэ, Оросуудтай найз. Дайны үед ч Орос цэргүүдтэй найзалж байлаа. Залуу насандаа Орост суралцаж, мэргэжил эзэмшсэн. Би Монголын төрд 40 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд Зөвлөлт, Монголын харилцаа нягт байлаа. Миний ажиллаж байсан Сангийн яам, Төлөвлөгөөний комисс, Засгийн газрын бүх асуудал Зөвлөлттэй холбоотой байсан. Энэ бүгдийг Орос нөхөд маань марталгүй өндөр үнэлж, нэр хүндтэй шагналаар шагнаж байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Дашрамд мэдээлэхэд, 1958 онд байгуулагдсан Монголын анд нөхдийн нийгэмлэгийн энэхүү шагналыг одоогоор 30 гаруй хүн хүртээд байгаа юм.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻