Ө.Эрдэнэбаяр: Монгол хүний амь насны суурь үнэлгээ 43 сая төгрөг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хохирол үнэлэгчдийн холбоо (МХҮХ)-ны бүх гишүүдийн IV ээлжит хуралдаан өнөөдөр болов.
Даатгалын тухай хуулийн дагуу Хохирол үнэлэгч бий. Даатгуулагчийн нөхөн төлбөр авах нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй эсэх, хохирлын хэмжээг тогтоох, нөхөн төлбөрийг тодорхойлох үүрэгтэй. Байгуулагдаад дөрвөн жил болж буй МХҮХ нь даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй 30 компанийг нэгтгэлээ. Өнгөрсөн хугацаанд нийт 156 мянган хохирлын үнэлгээ хийж, 300 мянга гаруй иргэнд үйлчилсэн хэмээн тус холбооны Ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр хэллээ.
Тэрбээр, “Хөрөнгийн даатгалын үнэлгээ Монгол Улсад ерөнхийдөө төлөвшсөн. Одоо амь нас, Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээг төлөвшүүлэх хэрэгтэй байна. Манай холбооноос хүний амь насны суурь үнэлгээг гаргаж, үнэлгээчдээ сургасан. Хүний амь, насны үнэлгээг суурь үнэ, осол аваар, гэмт хэргийн улмаас гарсан хохирол болон алдсан боломж буюу ирээдүйд олох орлого гэсэн гурван зүйлээр гаргадаг. Хүний амь насны суурь үнэлгээг олон улсын жишгээр буюу нэг хүнд ногдох ДНБ-тэй харьцуулж тооцсон. АНУ гэхэд хүний амь насны суурь үнийг 250 мянгаас нэг сая 250 мянган ам.доллар байдаг. БНСУ-д 100 сая вон байна. Монгол Улсад хүний амь насны суурь үнэлгээ ДНБ-ийг 5.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар буюу 43 сая төгрөг болж байгаа юм. Үүн дээр шууд гарсан зардал болон ирээдүйд олох орлогыг нэмэх юм. Цаашдаа гамшгийн үнэлгээний асуудлыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилт тавьж, судалгаа явуулж байна” гэв.
Ч.Ариунболд