Татвар төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-29 17:07:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна.

НИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх юм. Тухайлбал, 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард татвар төлнө. Харин 0 болон 5-аар төгссөн бол энэ сард багтан татвар төлөх ёстой. Гэвч заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч олон байгаа юм. Тиймээс нийслэлийн Татварын газраас татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх болжээ. Тодруулбал, ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглож, Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Уг заалтад татвар төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгохоор тусгасан юм.

Жолооч харьяа татварын хэлтэст өөрийн биеэр очиж татвар төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой юм.

Ч.Ариунболд
相关新闻