Хүүхдийн баярыг автомашингүй тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүүхэд багачууд, эцэг-эхчүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх, болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас аймгийн төвийн гол замуудын хөдөлгөөнийг хааж, “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг автомашингүй тэмдэглэж байгаагаар энэ жилийн хүүхдийн баяр онцлогтой болж байна.
Өнөөдөр тус аймагт 41 мянган хүүхэд баяраа тэмдэглэж байгаа бөгөөд 26 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 6700 хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байгааг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан Хүүхэд, залуучуудын паркад зохион байгуулсан баярын арга хэмжээний нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан онцоллоо.
Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газаас энэ жилийн “Хүүхдийн баяр”-ыг “Би гэр бүлдээ жаргалтай” уриан доор тэмдэглэж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран даам, шатар, хөл бөмбөг, гар бөмбөг, тогыз кумалахын тэмцээн, захидлын уралдаан зэрэг арга хэмжээнүүдийг давхар зохион байгууллаа.
Мөн олон хүүхэд төрүүлэн өсгөж, эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд оруулсан жинтэй хувь нэмрийнхээ төлөө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн І, ІІ одонгоор шагнуулсан 462 эхийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар баярын нээлтийн арга хэмжээний үеэр гардуулж өглөө.Баярын арга хэмжээ авьяастай хүүхдүүдийн урлагийн тоглолтоор үргэлжилнэ.
Ө.Нурболат