НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдсонд баяр хүргэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын дарга З.Энхболд чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд танхимынхаа гишүүдэд нэгэн таатай мэдээ дуулгасны зэрэгцээ Гадаад хэргийн сайд болон тус салбарын хамт олонд баяр хүргэлээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр буюу 10 дугаар сарын 28-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоныг хуралдааныг даргалагч гишүүдэд дуулгаад олон жилийн идэвх чармайлтын үр дүнд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү нэр хүндтэй сонгуульд амжилттай оролцсонд Гадаад хэргийн сайд болон тус салбарын хамт олонд баяр хүргэлээ.
Ази, Номхон далайн бүс нутагт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөнөөс Монгол Улс хамгийн олон санал авсан байна. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах бөгөөд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа аж. Манай улстай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират Улс 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын санал авчээ.