Н.Батцэрэг: Монгол Улс ойн менежментээс 10 тэрбум евро босгох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад энэ удаа БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Манай яам байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал гэсэн гурван том бүрэлдэхүүнийг багтаасан томоохон чиг үүрэгтэй. Байгаль орчин гэдэгт Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт байгаа биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалах, хөрс, газар зохион байгуулалт зэргийг шийдвэрлэдэг. Байгаль орчны яам солциализмын үед ажиллаж эхэлсэн тул газар зохион байгуулалт, усны менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай хэмээн Н.Батцэрэг сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Ногоон хөгжил бол сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болсон. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах тухай асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед ямар ч бүтээн байгуулалт хийсэн ногоон хөгжлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чухал. Зөвхөн уул уурхай гэсэн голлох нэг салбараас хамааран нийгмэээ хөгжүүлж байгаа манай улсын хувьд ногоон хөгжлийг баримтлах нь зөв. УИХ-аар Ногоон хөгжлийн үзэл баримтлал баталсан. Энэ хүрээнд салбар бүрт хэрэгжүүлэх Үндэсний ногоон хөгжлийн стандартыг батлан, хэрэгжүүлэх нь шаардлагатай байна.
Бид олон жил Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх талаар ярьж байгаа боловч төдийлөн дэвшил гарахгүй байна. Үүнд аялал жуулчлалын салбар томоохон үүрэгтэй. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван тулгуурт эдийн засагтай хөгжих зорилго тавих ёстой. Энэ үүдээс валютын урсгалын гол хөшүүрэг болсон аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа. Аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон байна. Хэдэн гэр баазаас өөр амрах газар бараг байхгүй. Жуулчдад борлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл цөөхөн. Томоохон буудлууд жуулчдын захиалга авч чаддаггүй, орон нутгийн нислэг жигд бус, жуулчдын сонирхож буй зүйлсийн талаар гаргасан судалгаа, статистик байхгүй. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж, бие даасан салбар болж хөгжүүлэх ёстой” гэв.
Түүнчлэн, “Миний бие сайд болсноосоо хойш хэд хэдэн зүйл дээр голлон ажиллахаар төлөвлөж байна. Монгол орны ой, ойн нөөц, байгалийн нөөцийн дагалдах баялагтай холбоотой хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа.
Монгол Улсын ойн нөөц нийт газар нутгийн 8 хувийг эзэлдэг. Үүнийг хүн амын тоотой харьцуулж үзвэл ойн нөөц хангалттай байна гэж болно. Ой гэдэг бол экосистемийн хувьд өндөр ач холбогдолтой боловч нөгөө талаараа эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур юм.
Би ХБНГУ-ын парламентад олон удаа сонгогдож байсан, ойн чиглэлээр мэргэшсэн нэрт доктортой уулзсан. Түүнтэй хамт ХБНГУ-ын Ойн нөхөрлөлүүдийн холбооны Ерөнхийлөгч хамт явж байсан. Тэд, “Германы ойн нөөц Монголын ойгоос их биш. Бид ойгоосоо жилд 138 тэрбум еврогийн ашиг олдог” гэж хэлсэн. Тэгэхээр Монгол 138 тэрбум биш юмаа гэхэд 10 тэрбум еврог ойн менежментээс босгох бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс надад зөвлөсөн. Тэгэхээр энэ ажлыг хэрхэн эхлүүлэх вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй. Нэн тэргүүнд 2016 оны хавраас ойн цэвэрлэгээг шинэ шатанд гаргах ёстой. Улсын хэмжээнд 1200 орчим Ойн нөхөрлөл ажиллаж байгаа. Гэвч мэргэжлийн байгууллагын хэмжээнд ажиллдаг газар тун цөөхөн. Тиймээс эдгээр байгууллагуудыг мэргэшүүлэх, дадлагажуулах ажилд анхаарах болно. Мөн ойн чиглэлээр ХБНГУ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай.
Мөн усны бодлого, татвар хураамжид анхаарах ёстой. Өмнөх долоо хоногт Усны бодлогын үндэсний хороо байгуулагдсан. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа, аж үйлдвэрийн салбар хөгжиж эхлэх гэж буй манай орны хувьд усны бодлогоо маш сайн боловсруулах ёстой. Гүний усны хэмжээ, нөхцөл байдлыг нарийвчлан судлах ёстой. Ялангуяа Улаанбаатар орчмын гүний усны нөөц хомсдож, зарим газраа хасах блансад хүрсэн. Тиймээс Тэрэлж орчимд томоохон усан сан байгуулж, шинэ эх үүсвэртэй болох шаардлагтай байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэх, менежмент хийх ажлыг хөгжүүлнэ. Одоогийн байдлаар нийт газар нутгийн 17.4 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Ойрын үед 4-5 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар бэлтгэж байна. Тухайлбал, Ноён уулсын 11 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. БОНХАЖЯ-наас ойрын жилүүдэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан. Миний ажиллах хугацаа бага тул энэ хэмжээг 20 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна. Энэ намрын УИХ-ын чуулган дуусахаас өмнө энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Дараагийн асуудал бол байгалийн нөөцийг экспортод гаргах тухай асуудлыг хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, ан амьтан, самар, зарим төрлийн эмийн ургамлыг экспортод гаргах асуудалд анхаарлаа хандуулна.
Самрыг жил бүрийн 10 сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ныг хүртэл бэлтгэх зөвшөөрөл өгдөг байсан. Энэ жил самарны болц эрт болсон тул энэ хугацааг 10 сарын 01 болгосон. Зургаан аймгийн 14 суманд хуш ургадаг. Үүнээс найман суманд нь үйлдвэрийн зориулалтаар, зургаан суманд нь ахуйн зориулалтаар самар бэлтгэх зөвшөөрөл олгодог. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум самраас орон нутгийн төсөвтөө 720 сая төгрөг цуглуулсан бол иргэдийн гар дээр 3 тэрбум төгрөгийн ашиг олсон гэх мэдээлэл байна. Цаашид бид самрыг экспортод гаргах чиглэлээр ажиллана.
Энэ жилийн тухайд агаарын бохирдлыг өмнөх жилүүдийнхээс бага байлгахад анхаарна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдол хамгийн өндөртэй байгаа Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Мөрөн зэрэг аймгийн Засаг дарга нарыг тус хорооны гишүүн болгосон. Мөн бүх шатны ИТХ төсвөө батлахдаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мөнгө суулгах чиглэл өгсөн. Улаанбаатар хотод 3200 нам даралтын зуух, 130 орчим мянган яндан, 400 мянга орчим машин агаарын бохирдол үүсгэж байна. Энэ асуудлыг хэрхэн зөв зохицуулах вэ гэдгийг нарийвчлан ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өрхүүдэд хямдралтай үнээр олгосон утаагүй зууханд хагас боловсруулсан түлш хэрэглэдэг. Өмнөх жил хагас боловсруулсан түлшийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр өгч байсан. Энэ жил үргэлжлүүлэх үү?
-Улсын төсөв хүндэрч, орлого орж ирэхгүй байгаатай холбоотой “Цэвэр агаар сан” 1 тэрбум төгрөгийн өртэй ажиллаж байна. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хөнгөлөлттэй үнээр түлш борлуулах боломжгүй. Бид аль болох түүхий нүүрс хэрэглэхгүй байх арга замыг эрэлхийлнэ. Тэр дундаа хийгээр халаах холболт, газ хэрэглэх, шалны халаалт зэрэг ажлыг дэмжинэ.
-Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Хэрэв төрийн тусгай хамгаалалтад авбал тэнд зөвшөөрөл авсан 6 компанийн лицензийг цуцална. Тухайн компаниудын хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-“Ноён уул”-ыг тойрсон маргаан сүүлийн хэдэн жил ярьлаа. 50 тонн алтны нөөцтэй орд газарт саяхан гар аргаар алт олборлогчид олноор дайрч орсон гэх мэдээлэл ирсэн. Тиймээс археологийн олдвор, соёлын өвтэй болон цаашид шинэ булш илрэх магадлалтай газруудыг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн. Тус бүсэд олгосон хайгуулын дөрөв, ашиглалтын хоёр лицензийг цуцлах шаардлага үүснэ. Лиценз эзэмшигч компаниудын гаргасан хөрөнгө оруулалтыг төр буцаан олгох байх. Төсөв хүнд байвал адил төстэй орд газраар солих боломж бас бий.
-Ирэх онд ан агнуурын тоог хэдээр тогтоох вэ?
-Өнгөрсөн онд 50 угалз агнах зөвшөөрөл олгосон. Ингэхдээ Алтайн угалзыг 18 мянган ам.доллар, говийн угалзыг 9 мянган ам.доллараар үнэлсэн. Одоогоор бүс нутгуудад байгаа ан амьтдын тоо толгойг судлах ажил хийж байна. 11 дүгээр сард багтаан уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Ч.Ариунболд