Аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-06-02 16:52:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн энэ сарын 3-4-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой тус үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулах аж.

Үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яам,  Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компани зэрэг 80 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилна.

Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар ажиллах “Юнител” компани Сүхбаатарын талбайд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн дугуй, авто мото, уулын аялал, фото зураг, анхан шатны тусламжийг үзүүлэх, хээрийн хоолыг хэрхэн бэлтгэх, загасчлах, зөв хувцаслалт, аялагчдын соёлын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч, аяллын хувцас, хэрэгслүүдийн хямдралтай  худалдаа гарах юм. Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгнө.
Б.Туул
相关新闻