Дампуурал болон өрсөлдөөний хуулиуд зах зээлийн тулгуур хууль хэмээн онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-07 11:22:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/  Өчигдөр хууль зүйн салбарын хүрээнд хуулийн шинэчлэл, шинэ хуулийн төслүүдтэй холбоотой хэд, хэдэн зөвлөлгөөн хэлэлцүүлэг боллоо.

Чингис зочид буудалд ШӨХТГ-аас өрсөлдөөнй хуулийн шинэчлэлтэй холбоотой хуулийн хэлэлцүүлэг хийсэн бол  Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг  "Туушин" зочид буудалд зохион байгуулсан юм.
Уг хэлэлцүүлэг, зөвлөгөөний нээлтэд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан оролцож, үг хэлсэн юм. 

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд Дампуурлын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой асуудлаар өөрчлөх, шинэчлэх саналуудыг олон улсын болоод судалгааны байгууллагуудаас гаргасан. Энэ нь уг хуулийг нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжилтэй уялдуулж, олон улсын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн дахин боловсруулах шаардлагаг илтгэж байна. Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг энэ оны дөрөвдүгээр сард байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын эхний үе шат болох хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх судалгааны үе шатанд олон улсын туршлага болон манай Дампуурлын хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бэрхшээлтэй асуудлыг хөндсөн зөвлөгөөн болж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэлээ. 
Энэхүү зөвлөгөөн нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хамтран хэрэгжүүлж буй “Төлбөрийн чадваргүйд тооцох эрхзүйн орчинг сайжруулах нь" төслийн хүрээнд болж байгаа юм. Уг төслийн хүрээнд Дампуурлын тухай хуулийг шинэчлэх, энэ төрлийн хэргийг шийдвэрлэх шүүгч болон оролцогч талуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, банк, санхүүгийн байгууллагын зээл төлүүлэх, өр барагдуулах үйл ажиллагааг сайжруулах ажил хийнэ.

Мөн ШӨХТГ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгээр аж ахуйн нэгж, компаниудын удирдлагууд шударга өрсөлдөөнийг зохицуулах эрх зүйн орчныг эрүүлжүүлэх болсныг анхааруулав. Тиймээс шинэ хуулиудыг батлахдаа дахин дахин хэлэлцэж, мэргэжлийн болон салбарынхны санал бодлыг тусгаж байхыг ч хууль санаачлагчдад санууллаа.
 

Ж.Батсайхан

相关新闻