Барилгын салбарын 100 гаруй аж ахуйн нэгжийн мэдээллийг нэг цэгээс олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-08 14:37:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Барилгын салбарын борлуулалтыг дэмжих, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор БХБЯ, “Барилгачин” групп хамтран Мишээл экспо барилгын материалын төвд өнөөдөр “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний төвийг нээлээ.

Эл төвийг нээснээр иргэд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо, Орон сууцны биржээс гадна барилгын зураг төсөл, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компанийн мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Иргэн хувийн өмчийн газартаа барилга бариулахдаа 5-10 компанитай уулзаж, үнэ ханш судлах шаардлага тулгардаг байна. Харин энэхүү төвөөр үйлчлүүлснээр бүх аж ахуйн нэгжийн мэдээллийг авч, гадуур явах цагаа 5-10 дахин хэмнэж чадна хэмээн “Барилгачин” группын Ерөнхий захирал Г.Батсүх нээлтийн үеэр онцолсон юм.

Тус төв өдөр бүр 09.00-19.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах бөгөөд иргэд шинээр барилга барихдаа ямар материал бүрдүүлэх, аль байгууллагад хандах зэрэг бүхий л төрлийн зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн www.barilga.mn цахим хуудсанд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻