Иргэдэд Монгол Улсын төсөв, сангийн бодлогын талаар мэдээлэл өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-08 14:47:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилгоор Сангийн яам, ГЕГ, ТЕГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү өдөрлөгөөс иргэд  Монгол Улсын төсөв, сангийн бодлого, татвар, гаалийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон дээрх байгууллагуудаас үзүүлдэгн төрийн зарим үйлчилгээг шууд авах боломжтой юм.

Тухайлбал, Автомашины албан татвар төлөх хуулийн хугацаа зургаадугаар сарын 1-нд дууссан бөгөөд татвараа төлөөгүй жолооч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох болсон. Харин өнөөдөр төв талбайд автомашины албан татварыг нөхөн төлүүлж байгаа юм.

Мөн ГЕГ-аас Монгол Улсаас хилээр гарах болон нэвтрүүлэхийг хориглосон бараануудыг танилцуулж байгаа юм. Үүнд амьтны арьс, эртний эдлэлээс эхлээд гар утас, согтууруулах ундаа зэргийн дэлгэсэн байна.

Мөн санхүүгийн программ хангамж, кассын машин, баримт хэвлэгч машины “ Интерактив Би Ай”, “Майсофт”, “Датакейр”, “Кассмолл”, “Прософт” компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаа юм. Мөн мах, махан бүтээгдэхүүн, аяны хувцас хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа аж.

Өдөрлөгийн үеэр Сангийн яам, ТЕГ-аас НӨАТ-ын ээлжит сугалаанаас тус бүр дөрвөн сая төгрөг хожсон 13 азтанд батламж гардуулав. НӨАТ-ын сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн азтан гурав, 20 сая төгрөгийн азтан 14, дөрвөн сая төгрөгийн азтан 191 тодорчээ.

Өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻