Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 08-нд Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд болов.
Сурталчилгааны нээлтэд нэр дэвшигч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Дорноговь аймгийн АН-ын дарга Б.Батбаяр, Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, АН-ын гишүүд, дэмжигчид оролцов. Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрийг АН-ын улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд танилцуулсан.
Харин тэрээр, “Миний бие АН-ын гишүүдийн дотоод санал асуулгаар гишүүдийнхээ хамгийн өндөр саналыг авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хуулийн дагуу сурталчилгааныхаа ажилд оролцож сонгогчидтойгоо уулзаж байна. Намайг дэмжиж Дорноговь аймгийн ард иргэдийн төлөөлөл, ахмад, залуу үеийнхэн үг хэлж байгаад ихэд талархаж буйгаа илэрхийлье. Өнөөдөр магтаал сайшаалаас илүү гашуун үнэнийг хэлэх цаг болсон.
Энэ гашуун үнэнийг хэлээсэй, яриасай гэж АН намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байх. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын эдийн засагт нэг улсын нөлөөлөл 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Гэтэл улсын эдийн засгийн 96 хувь нь урд хөршөөс хараат болсон. Харин монгол орны сэхээтнүүд, залуу үе яагаад энэ тухай хэлж, ярихгүй байна вэ?
60 гаруй сая малтай, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг, байгалын баялгаараа дэлхийд дээгүүрт ордог хэдий ч өнөөдөр өргүй хүн монголд байхгүй боллоо. Өнөөдөр хэнтэй байлдаж, хэнийг ялах гээд байгаа тухай манай нөхдөөс асууж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолынхоо төлөө, ирээдүйнхээ төлөө бид байлдах гээд байгаа юм” гэв. Үүний дараа нэр дэвшигч Х.Баттулга иргэд сонгогчдын сонирхсон асуултад хариулсан бол намын нөхөд нь баяр хүргэж амжилт хүсэв.
Х.Эрдэнэбулган