Саран дээр буусан АНУ-ын сансрын нисгэгч монголчуудтай хамтран ажиллахад бэлэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-06-09 09:09:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн анх 1969 онд "Apollo-11" хөлгөөр саран дээр амжилттай буусан түүхтэй. Тэгвэл анх саран дээр буусан гурван нисгэгчийн нэг АНУ-ын нисгэгч Базз Олдриныг “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ урьж эх орондоо авчирлаа.

Олон жил НАСА-д сансрын нисгэгч, инженерээр ажилласан тэрээр Шангри-ла зочид буудлын IMAX кино театрын танхимд сансар судлал сонирхогч иргэдтэй уулзалт хийв.

Тэрээр "Apollo-11" хөлгөөр саран дээр бууж, нислэгийн багийн ахлагч Нил Амстронгийн хамт хоёр цаг гаруй саран дээр ажилласан юм. Тэрээр хэлэхдээ, "Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал санаачилга гаргаж байгаад талархаж байна. Манай сансрын институт энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Миний хувьд Солонгосын хойгийн дайны үед нийт 60 гаруй байлдааны нислэг хийж дайсны онгоц сөнөөж байлаа. Дайны дараа хүртсэн шагналуудаас хамгийн том шагнал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит дээд шагнал. Одоо сансар судлалын чиглэлээр судалгааны ажлаа үргэлжлүүлж байна" гэв.


 
Одоогоос 36 жилийн өмнө Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа "Союз-39" хөлгөөр сансарт ниссэн явдал Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болсон. Шинэ зуунд Монгол хүн манай салбарт дахин сансарт нисч Монгол Улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихээр зорьж байна гэж ЗХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа онцлов.

Тэрээр хэлэхдээ, "Дэлхий дээр 500 гаруй хүн дэлхий орчмын тойрог замд гарч, манай дэлхийг алсын зайнаас өөрийн нүдээр харсан. Нийт 40 гаруй улсын элч төлөөлөгч сансарт ниссэн. Үүний 12 нь саран дээр очсон. Энэ бол ховор боломж юм" гэв.

Тэрээр Одон орон, Геофизикийн хүрээлэнд зочилсон бөгөөд өнөөдөр нутаг буцна.

Дашрамд дурдахад, АНУ-ын сансрын нисгэгч Базз Олдрины бодит амьдралаас сэдэвлэсэн Холливуудын хамгийн анхны алдартай анимэйшн киноны нэг "Тоглоомын түүх" киноны гол дүр сансрын зоригт баатар Баззын дүрийг түүнд зориулан бүтээжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻