Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-09 16:18:31
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын уул уурхайн салбарын томоохон үйлдвэрлэгч “МАК” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөх цавын орд газарт бүтээн босгож буй цементийн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж суурилуулах ажлаа дуусчээ. Тус компани  энэ сарын 09-ний  12 цагаас үйлдвэрээ ашиглалтад оруулж нээлтээ хийв.
Цементийн үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Батболд, “МАК” ХХК-ийн удирдлагууд болон дотоод,  гадаад хөрөнгө оруулагчид, зочид төлөөлөгчид оролцлоо. Энд улсын цементийн хэрэгцээний 30 гаруй хувийг дангаар хангах, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, түүхий эд боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий цементийн үйлдвэр сүндэрлэн босож байна.
Үйлдвэрийн талаар ахлах механик А.Ариунбаяраас тодруулахад, “Манай компани хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг суурилуулсан цементийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийг Дани Улсын “FLSmidth” компани суурилуулсан. Энэ компани нь  дэлхийн цементийн үйлдвэрлэлийн технологийг тодорхойлдог бөгөөд цемент болон эрдэс боловсруулах үйлдвэрүүдэд дэвшилтэт техник,тоног төхөөрөмжийн зураг төслийг боловсруулж, үйлдвэрлэлд, ханган нийлүүлдэг. Хөх Цавын цемент-шохойн үйлдвэртээ Евро стандартыг хангасан технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэхэд бэлэн боллоо.
Бутлуурын индэр, савлах үйлдвэр, вогоноор цемент зөөх хэсэг, цемент нэрэх тээрэм, бутлуурын дамжуулгын хэсэг, хөргүүрийн хэсэг гээд олон барилга байгууламж сүндэрлэсэн” гэв. Мөн авто засварын хэсэг, багаж төхөөрөмж хадгалах байгууламж, үйлдвэрийн үйл ажиллагааг шууд хянах төв байр, эмнэлэг, ажилчдын байрыг босгожээ. Дашрамд дурдахад цементийн тээрэм  нь цагт 225 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Даланжаргалан сумын нутагт бүтээн босгож байгаа  энэ үйлдвэрт 400 гаруй ажилтан ажиллаж байна.
Зөвхөн Дорноговь аймгийн 150 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Албаны хүний өгүүлснээр цементийг зах зээлд борлуулж байгаа үнээс харьцангуй хямдаар борлуулах аж. Цементийн үйлдвэртээ болсноор манай улс цементийн импортын хараат байдлаас гарч цаашдаа гадаад зах зээлд бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх юм.
Х.Эрдэнэбулган
相关新闻