“Шүүхийн үйлчилгээний төв” нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-12 13:34:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгон зарласантай холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь шүүхэд "Шүүхийн үйлчилгээний төв” байгуулагдаж нээлтээ хийжээ. Энэ талаар шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төвийг шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зорилгоор тохижуулж, ашиглалтад оруулсан байна.
"Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбек, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр болон шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд оролцжээ.

"Шүүхийн үйлчилгээний төв”-д нэхэмжлэл гаргах, өргөдөл бичих бүх зааврыг байршуулж, ард иргэдийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай уулзахад таатай орчин бүрдүүлсэн байна. Мөн шүүхээс тохь тухтай орчинд шуурхай үйлчилгээ авах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах боломж бүрдснээрэ онцлогтой аж.  

Нээлтийн ажиллагаанд оролцсон иргэд шинэтгэлийн хүрээнд шүүх нээлттэй, ил тод болж, одоо үйлчилгээний байгууллага болон төлөвшиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.
 
Ө.Нурболат
相关新闻