Нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн штаб Дорноговьд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-12 20:45:56
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох  2017 оны ээлжит сонгуульд  МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны штаб Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж  байна.
Түүний сонгуулийн Дорноговь аймаг дахь шадар туслагч, сонгуулийн штабын дарга Б.Батмөнх, “Улс төрийн гурав дахь хүчний хувьд МАХН бага чуулганы нийт гишүүдийн хурлын олонхын саналаар Сайнхүүгийн Ганбаатарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн. Сонгуулийн сурталчилгааны ажил хуулийн дагуу хэвийн явагдаж байна. С.Ганбаатар бол Монголын Үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж байхдаа л олон нийтэд танигдсан улс төрч бөгөөд монголчуудын цалин хөлсийг нэмүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, цогтой тэмцэгч, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч.
Мөн УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа улс орон ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө тууштай дуугарч ирсэн. Дорноговь аймагт МАХН-аас нэр дэвшигчийг дэмжиж байгаа нь ажиглагдлаа. Асар их хүлээлт байгаа гэдгийг бид мэдэрсэн.
Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн хувьд “Есөн хүсэл, есөн зорилт” гэдэг санааг дэвшүүлж үүнд хариуцлагатай засаглалыг буй болгох, ажилгүйдэл ядуурлыг арилгах, олигархиуд ба оффшорчдыг хазаарлах, ард түмний амин эрх ашгийг дээдлэх, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэх, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, монголын төлөө зүтгэх, монголчууд босоо заяатай,босоо бичигтэй учир ард түмнээ ажилтай, ирээдүй хойч үеэ илүү боловсролтой болгоход анхаарах, монгол хүн монгол эх орныхоо эзэн нь байх, ам ба ажил, үйл хэргийн нэгдлийг хангах, эх орныхоо өмнө тулгамдсан  зорилтуудыг шийдвэрлэх, мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлэх зэрэг томоохон зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Тиймээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж саналаа өгөхийг Дорноговьчууддаа уриалж байна” гэв. Нэр дэвшигчийн сонгуулийн штабаас сонгуулийн зардалд зориулж хандивын үйл ажиллагааг өрнүүлж байгаа аж.  
Х.Эрдэнэбулган
相关新闻