Ерөнхий шалгалт өгөхөөр явсан хүүхдүүд осолдож хоёр нь амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдөр улс орон даяар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн шалгалт эхэлж байгаа ч орон нутгийн замд шалгалт өгөхөөр явсан хүүхдүүд осолдсон харамсалтай хэрэг гарсан байна. Дорноговь аймгийн Сайншандаас Замын-Үүд рүү явах замын 466 дугаар шонгийн хажууд “Норд бенз” автомашинтай, “Соната” автомашин мөргөлдсөний улмаас жолооч, Дархан-Уул аймгийн харъяат 31 настай эрэгтэй Б, жолооч Сайншанд сумын харъяат 49 настай М, Замын-Үүд сумын харъяат 18 настай эрэгтэй Д, Сайншанд сумын харъяат 18 настай эрэгтэй Б нарын хүн нас баржээ. Харин Дорноговь аймгийн харъяат 17 настай эрэгтэй Т, 17 настай эрэгтэй Г нар хүндээр гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар тус аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна. Тиймээс орон нутагт зорчиж буй жолооч, иргэдийг болгоомжтой, хурд хэтрүүлэхгүй байхыг ЗЦА- аас анхаарууллаа.
Ж.Батсайхан