Зүймэл даавуун урлал эрхлэгчдийг дэмжсэн үзэсгэлэн худалдаа гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-06-14 17:40:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зүймэл урлалын төв, Туркийн ЭСЯ, Боливи улсын “Жалсури” гар урлалын сангийн захирал, дизайнер Даниела Вискаратай хамтран Туркийн Элчин сайдын өргөөнд өнөөдөр "Монгол-Боливи улсын гар урлалын үзэсгэлэн-худалдаа"-г зохион байгууллаа.

Зүймэл даавуун урлалын төв жил бүр төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авч, ажил хөдөлмөр эрхлээгүй эмзэг бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зүймэл даавуун урлалын сургалт явуулж иржээ. Гэтэл энэ жилийн хувьд төсвөөс ямар нэг мөнгө хуваарилаагүй тул энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж санхүүжилтээр нь шинэ сургалтуудаа явуулахаар болсон байна. Үзэсгэлэнд аяганы алчуур, зөөлөн тоглоом, гоёл чимэглэл, дэр, орны бүтээлэг зэрэг хэрэглээний урлалаас урлагийн бүтээл болохуйц нийт 19 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байв.

Энэ үеэр “Шинэ замнал” ТББ-ын Зүймэл даавуун урлалын төвийн тэргүүн Ц.Сэлэнгэтэй уулзахад, “Би АНУ-д хэсэг хугацаанд байхдаа зүймэл даавуун урлалыг сонирхож, монголдоо хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн санаагаа олж байсан юм. Дэлхийн улс орнууд голчон даавууг ашиглаж энэхүү урлалыг явуулдаг бол монголчуудын хувьд эсгүүрээс гарсан торго болон бусад төрлийн даавууг ашигладаг. Өмнө нь өөдөс даавууг ихэнхдээ дэр хийх эсвэл шатаадаг байсан. Одоо бол тэдгээр хаягдлыг дахин хэрэглээнд оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүд хамт олны дунд орж, бүтээлч байдлаа хөгжүүлснээр ажилтай орлоготой болж байна. Мөн байгаль орчин бохирдуулахаас сэргийлсэн нэг алхам болж байна.

Бид сургалтаа гол төлөв аялал жуулчлал түлхүү хөгжсөн орон нутгийн иргэдийн дунд явуулах сонирхолтой байдаг. Үзэсгэлэнгээс олсон орлогоороо аль болох олон хүнийг сургах юмсан гэсэн бодолтой байна. Ялангуяа хөгжлйн бэрхшээлтэй иргэдийг манай төвд олноор хандаж сургалтад маань хамрагдаасай гэж хэлэх байна. Сургалтынхаа дараа бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах тал дээр ч анхаарч ажилладаг. Бүтээгдэхүүнээ бид эх орондоо, мөн АНУ руу гаргаж зарж борлуулж байна” хэмээн ярьлаа.

Элчин сайдын гэргий Зэйнэп Кадирэ Сайым Язал, "Үзэсгэлэнгийн зорилго нь амьжиргааны түвшин доогуур алслагдсан дүүрэгт амьдардаг эмэгтэйчүүдийн бүтээлийг борлуулж, амьдралын чанарт нь өөрчлөлт гаргах, цаашлаад оёдол заах явдал тул бид дэмжиж ажиллаж байна. Зүймэл даавуун урлалын төвийн тэргүүн Ц.Сэлэнгэ, Боливи улсын “Жалсури” гар урлалын сангийн захирал, дизайнер Даниела Вискар нар нь анх АНУ-д танилцаж, улмаар өнөөдрийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулахаар ярьж тохиролцсон байсан. Иймд хатагтай Даниела Вискарыг Монголд ирэхэд “Туркиш айрлайнс” компани дэмжлэг үзүүллээ. Түүнчлэн манай ЭСЯ-ны тогооч нар турк үндэсний хоолны худалдаа явуулж байна. Энэхүү орлогыг ч бид хандив болгон өгөх болно. Ер нь Туркэд гар урлал сайн хөгжсөн байдаг. Гэхдээ зүймэл урлалын хувьд урлагийн түвшинд хөгжсөн гэхэд арай учир дутагдалтай. Гэлээ ч бид ирэх жилээс Монгол-Турк хоёр орны иргэдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлье" хэмээв.
 
Дизайнер Даниела Вискара нь манай улсад анх удаа ирж байгаа юм байна. Тэрбээр Боливи улсдаа тэргүүлдэг өөрийн гар урлалын сангаар дамжуулж 3500 гаруй хүнийг сургаж дадлагажуулжээ. Тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар оролцож байгаагаас гадна зүймэл урлалыг хэрхэн урлагийн бүтээл болгох вэ гэдэг тал дээр сургалт явуулна. Өөрөөр хэлбэл, нэг хүн нэг хэв загвар бүхий бүтээл оёх нь хэрэглэгчдийг уйдаадаг тул өнгө дизайны хувьд хэрхэн урлах вэ гэдэг дээр зааж зөвлөх гэнэ. 


 
Уг оёдлоор өрхийн төсөвтөө нэмэр болдог цөөнгүй иргэд байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд заавал ажлын байран дээрээ очиж ажиллана гэхгүй. Гэрээрээ захиалгаа авч, тогтоосон өдөртөө бараагаа нийлүүлдэг аж. Тэдний орлого сардаа 400-500 мянган төгрөгөөс буудаггүй хэмээн үзэсгэлэнд бүтээлээ тавьсан эмэгтэйчүүд ярьж байсан юм. 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
 
 
相关新闻