Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх мэргэшсэн жолооч дутагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-15 11:46:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран өнөөдөр "Ажлын байр-Амьдралын баталгаа" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.

Хэвлэлийн хүрээлэнгийн баруун талд Эмон бизнес төвд болж буй энэхүү өдөрлөгөөр мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэхийг олгож байгаа юм. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийг нээлттэй ажлын байранд бүртгэж байна.

БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрний үнэ өссөнтэй уялдан 2017 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн ордоос БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс одоогоор 8.5 сая тонныг гаргаад буй юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын өсөлттэй уялдан улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгж байгууллага, тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа ч мэргэшсэн жолооч дутагдаж байгаа юм. Тиймээс мэргэшсэн жолоочийг бэлтгэх, чиглэлээр АТҮТ-өөс шат дараалсан олон ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал өнөөдрийн өдөрлөгийн үеэр мэргэшсэн жолооч болох сонирхолтой иргэдийг жолооны сургалтын төвүүд хөнгөлөлттэй үнээр бүртгэж байгаа аж.
Ч.Ариунболд
相关新闻