Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-06-15 12:16:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртөж байгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа өнөөдөр болсон “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” симпозиумын үеэр онцлов.

1997 онд НҮБ-аас жил бүрийн зургадугаар сарын 17-ныг  Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Энэхүү өдрийг Монгол Улс 2007 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд олон нийтэд цөлжилт үүсэх нөхцөл, хор уршиг, урьдчилан сэргийлэх боломжийн талаар мэдээлэл, сурталчилгаа хүргэж, төрийн бодлого шийдвэрт эрдэмтэн судлаачдын санал, санаачлагыг тусгах ажлыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр БОАЖЯ, БНСУ-ын Ойн хорооны дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төсөл хамтран дээрх симпозиумыг зохион байгуулсан юм.

Монгол Улсын цаг уурын өөрчлөлт дэлхийн дулаарлын дунджаас 2.5 дахин хурдацтай явагдаж байгаа юм. Энэ нь далайгаас хэт алслагдсан, өндөр уул нуруудын дунд байрладагтай холбоотой гэдгийг Г.Нямдаваа дарга хэллээ.

Тэрбээр, “Атлантын далайгаас орж ирэх чийг Уралын нуруунд, Номхон далайн чийг Хянганы нуруугаар хаагддаг. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт далайн чийглэг уур амьсгал нэвтрэх боломж хаагдмал байгаа юм.

Хоёрдугаарт, байгаль орчинд хамгийн ээлтэй байсан мал аж ахуй сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байна. Өмнө нь сүргийн бүтэц тогтвортой байхад бэлчээр нөхөн сэргээх боломжтой байсан. Гэтэл Монголын малын тоо толгой огцом өссөн. Үүний дотор ямаан сүрэг 42 хувийг эзэлж байгаа нь бэлчээр доройтох хүчин зүйлд нөлөөлж байна. Түүнчлэн зам барих ажил цөлжилтөд уул уурхайгаас илүү нөлөөлж буйг ч дурдав. Өөрөөр хэлбэл, уул уурхай нэг л газраа ухдаг бол зам барьж буй аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн зурвасынхаа дагуу ухалт хийгээд, нөхөн сэргээлт хийхгүй орхидог. Энэ бүхэнтэй тэмцэх чиглэлээр Монгол Улс хэд хэдэн ажил өрнүүлж байгаагийн нэг нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Бүх нийтээр мод тарих өдөр” юм. Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж, Хөрс хамгаалах тусгайлсан хуультай болсон зэрэг төрийн зүгээс хэрэгжүүлж буй ажлууд олон бий. Гэхдээ энэ нь иргэдийн дэмжлэггүйгээр амжилттай болж чадахгүй. Төв, суурин газруудад ажиллаж, амьдарч буй иргэд мод тарих, хог хаягдлын зориулалтын саванд хийж байх хэрэгтэй. Харин малчид малын тоо толгой, сүргийн бүтэцдээ анхаарах нь чухал. Ингэж төр, иргэнтэйгээ хамтран ажиллаж байж, цөлжилтийг зогсоож чадна” гэлээ.

2007 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн “Ногоон хэрэм” төсөл Өмнөговь, Төв аймаг зэрэг хуурайшилттай бүс нутгуудад нийт 12 сая ам.долларын өртгөөр 3000 гаруй талбайд ойжуулалт хийж, Засгийн газар болон аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөөд байгаа юм. Монгол, БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран хот, суурин газруудын ногоон байгууламжийг сэргээх “Ногоон хэрэм 2” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻