Мандах, Хатанбулаг сум төвийн эрчим хүчинд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-19 16:21:42
Дорноговь /МОНЦАМЭ/. Оюутолгойгоос Цагаан суваргын зэсийн орд руу татаж буй 220 квт-ын 160 км агаарын шугамын бүтээн байгуулалтын  ажил дуусч, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум төвийн эрчим хүчинд холбогдлоо. 
Өмнө нь Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 квт-ын агаарын шугам, Цагаан суваргаас Мандах сум руу чиглэсэн 22 квт-ын агаарын шугамыг барих ажлыг  мэргэжлийн компаниуд гүйцэтгэж, зөвхөн Оюутолгойгоос Цагаан суварга руу чиглэсэн 220  квт-ын 160 км агаарын шугамын ажил хүлээгдээд байсан юм. Сумын иргэд гэрэл цахилгаантай болсондоо сэтгэл хангалуун байгаа төдийгүй орон даяар болж буй үйл явдлын мэдээллийг хүлээн авах, эрчим хүчийг ашиглаж аж ахуй эрхлэх, амьжиргаагаа сайжруулах, эрчим хүчинд суурилсан дэвшилтэд техник, технологи хэрэглэх зэрэг томоохон боломж бүрдэж буй.
Мандах сум 2000 гаруй хүн амтай. Тус суманд өмнө нь нарны сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр суурилуулж  гэрэл цахилгаан түгээдэг байсан ч нарны үүсгүүр нь эвдэрч ажиллахгүй болоод уджээ. Тиймээс дизелээр өдөртөө хэдэн цагийн гэрэл түгээдэг байсан аж. Харин Хатанбулаг сум 3000 гаруй хүн амтай, дизель асааж цахилгаанаа хангадаг байжээ.
Цахилгаан дамжуулах агаарын шугамыг "Багануур" ЗӨБЦТСК, "Эрчмийн-Ундраа"ХХК, "Баясах төгс"ХХК, "Илч хангай", ХХК,  "Энерги- Эрчим" ХХК зэрэг компани гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.   
Эрчим хүчинд холбох ажлыг түргэтгэх, ажлыг явцыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зэрэг албаны хүмүүс тус суманд хэд хэдэн  удаа ирж,  нөхцөл байдалтай танилцаж,  холбогдох албаныханд  үүрэг чиглэл өгч ажилласан нь үр дүнгээ өгсөн аж.
Мандах сумыг эрчим хүчтэй холбох ёслолын ажиллагаа энэ сарын 19-нд тус суманд болсон бөгөөд Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр, “МАК” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, “МАК” ХХК-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч Г.Цогт, гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон албаны хүмүүс оролцов.
 

Х.Эрдэнэбулган 
相关新闻