Зам тээврийн ослоос сэргийлэхээр дөрвөн сарын аяныг зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-20 17:03:25
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Орон нутгийн замын хөдөлгөөн-Хөдөлгөөний соёл” нэртэй дөрвөн сарын аяныг зохион байгуулж эхэллээ. Дорноговь аймгийн нутгаар үргэлжилдэг Мянганы замын босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дээр сүүлийн жилүүдэд жолооч нар хурд хэтрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй явснаар авто тээврийн осол цөөнгүй гарах болжээ.
Аймгийн Цагдаагийн газраас гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн хэрэг 29 удаа гарсан бол  осол 107  удаа гарч  зургаан хүн нас барж, 16 хүн гэмтсэн  байна. Тиймээс зам дээр эргүүлийн постыг 24 цагаар ажиллуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр жолооч нарын машинд “Хурдаа хас” гэсэн үгтэй наалт нааж, зорчигч нарт санамж, сэрэмжлүүлэг өгөх ажлыг  зохион байгуулж байна.
Аяны талаар аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, хошууч Д.Батбаяр, “Дээрх аяныг Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан хуваарь, удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа. Дорноговь аймгийн нутгаар дайран өнгөрдөг хатуу хучилттай замын замын эвдрэл гэмтэл харьцангуй бага. Осол гарах шалгаан нь ихэнх тохиолдолд зөвхөн жолооч нарын хариуцлагаас үүдэлтэй.Гэрэл шилжүүлдэггүй, хурд хэтрүүлдэг, хамгаалах бүсийг зүүдэггүй, байдал нийтлэг. Мөн шөнө оройн цагаар зам дээр мал гарч ирдэг тул малаа хараа хяналттай байлгах талаар малчдад хандсан уриалга, санамжийг гаргаж байна.
Болзошгүй осол гарсан тохиолдолд хамгаалах бүс зүүснээр эрсдлийг багасгадаг. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх ёстой”гэв. “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны нээлтийг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто замын хэсэг Сайншанд сумын угтах цагаан хаалганы зогсоолын талбайд зохион байгуулж “Шанд жолоо” компаний жолооч нарт  зам тээврийн ослоос сэргийлэх санамж, зөвлөгөө өгч  500 ширхэг  анхааруулах материал  тараав.
Х.Эрдэнэбулган
 
相关新闻