Хавдрын алсын зайн оношилгоо, тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-23 17:29:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХСҮТ болон “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК хамтран Монгол Улсын бүх аймгийн төвүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан алсын зайнаас хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээг үзүүлэх цогц системийг нэвтрүүлэх “МОМЕNТ” төслийг эхлүүлж, тус төвд өнөөдөр уг төслийн нээлтийн ажиллагааг  зохион байгууллаа.

Монгол Улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож, 3000 орчим хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын тохиолдлын 75 хувь нь бүрэн эмчлэхэд хүндрэлтэй буюу хавдрын эцсийн шат болох III, IV үедээ орсон хойноо эмнэлэгт хандаж байгаа нь эрт үеийн илрүүлэлт, оношилгоо хичнээн чухал байгааг харуулж байгаа юм.

2016 оны байдлаар улсын хэмжээнд 16548 хүн хорт хавдрын улмаас хяналтад байгаагийн 9013 нь хөдөө орон нутагт, 7535 нь Улаанбаатар хотын 9 дүүрэгт харьяалагдаж  байна.



Өнөөгийн байдлаар аймаг, орон нутгийн эмнэлгүүдэд хавдрын анхан шатны  оношилгоо хийдэг тул Улаанбаатар хотод ирж бүрэн шинжилгээнд хамарч, өвчний оношилгоог баталгаажуулахад дунджаар сарын хугацаа зарцуулдаг байна. Хавдрын өвчнийг оношлоход 6-8 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар оролцдог бөгөөд аймаг орон нутагт мэргэшсэн эмч нар дутагдалтай байдгаас цаг хугацаа алдах, өвчин гүнзгийрэхэд ихээхэн нөлөөлдөг аж.

Түүнчлэн оношлуулсныхаа дараа ч жилд 3-6 удаа нийслэлд ирж, тогтмол үзлэг, оношилгоонд хамран давтан эмчилгээнд ордог нь тухайн өвчтөний сэтгэл санаа, цаг хугацаа, санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулахаас гадна ХСҮТ-ийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг байна.

Тиймээс “Момент” төслийн эхний шатанд 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг холбосон өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулж, шаардагдах төгсгөлийн төхөөрөмжүүдийг суурилуулан тус төвтэй холбож, алсын зайны оношилгоо, эмчилгээний дэд бүтцийг бүрэн хэмжээнд бий болгож байна.

Ингэснээр хавдрын оношилгоо, тусламж, үйлчилгээнд томоохон дэвшил гарч, цаг хугацаа, зардал хэмнэсэн, түргэн шуурхай эмнэлгийн тусламж үйлчилгээний олон боломж, давуу талтай.  Мөн аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын оноштой өвчтөнүүдийн оношилгооны талаарх эмч нарын зөвлөгөөн зохион байгуулдаг хугацааг эрс багасгаж, 14 хоног тутам алсын зайнаас аймаг, орон нутгийн эмч нар ХСҮТ-ийн хавдрын чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн зөвлөх багтай хамтран видео хурлал зохион байгуулж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг ч бий болгож байгаа юм.
 
Төслийн нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ХСҮТ-ийн  Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр нарын албаны хүмүүс оролцов.

Ж.Болор
 
相关新闻